Манай судалгаа хэрэглэгчдийн үйл хөдлөлд гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тусгадагаараа онцлогтой

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Судлаач Н.Батзориг

Хэзээнээс эхлэж энэ судалгааг хийж эхэлсэн бэ?

-Данийн Вант Улсын Аархусын Их сургуулийн эрдэмтэн профессоруудын мэргэжлийн зөвөлгөө, Будапешт дахь Соросын сангийн дэмжлэгийг хүртэж, Монголын телевизүүд, бизнесийн томоохон пүүс компаниудын захиалга, санхүүжилтээр 2003 оны 9-р сараас анх хэрэгжүүлж эхэлсэн үндэсний хэмжээний томоохон судалгаа юм. Үүнээс хойш манай судалгаанд 30 орчим бизнесийн байгууллагууд, бүх телевизүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж хэвлэл мэдээллийн судалгааг үйл ажиллагаандаа, бизнес төлөвлөлт, маркетинг, гадаад харилцаандаа ашиглаж ирсэн. Анх бид телевзийн зах зээлийг судлах зорилгоор судалгаагаа эхлэж байсан бол өдгөө хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийн зах зээлийг нарийн тооцоо үзүүлэлтээр судлан гаргаж байгаа.

Танай судалгааны үндсэн зорилго нь юу вэ? Монголд энэ чиглэлээр судалгаа мэдээлэл өгдөг байгууллага байгаа юу?

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн талаарх олон нийтийн санаа бодлыг судалж иж бүрэн цогц, далайцтай мэдээллийг бүрдүүлснээр хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны сувгийн зах зээлийг тодорхойлж, бизнесийн үр ашигтай хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. Монголд энэ чиглэлээр дагнан ажилладаг бие даасан, хараат байгууллага одоохондоо бол алга байна. Ер нь хэвлэл мэдээлэл хэмээх энэ том салбар зах зээлийг судлахад хөрөнгө хүч, мөнгө санхүү гээд л бэрхшээл их тохиолддог тул энэ зах зээлээ рүү бага орж байгаа юм.

-Анх хэвлэл мэдээллийн судалгааг хийж эхлэхэд ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байсан бэ? Энэ талаар?

-Хэрэглэгчдийн судалгааг сар бүр тогтмол явуулж, өнөөдрийн байдлаар нийт 55 тайланг гаргасан. Ийм учраас Монголдоо анх удаа судалгааны брэнд бүтээгдэхүүн бий болгож чадсан хэмээн судлаачид, хамтран ажилладаг байгууллагууд маань биднийг үнэлдэг. Таван жилийн турш тогтмол явагдсан учир Монголын хэвлэл мэдээллийн зах зээл, чиг хандлагыг нарийн судалж, өөрчлөлт баримжааг харилцагчиддаа өгч байгаадаа бид баяртай байдаг.

-Танайх судалгаагаа хийж эхлэхэд ямар байгууллагууд хамтарч ажиллаж байсан, одоогоор хэдэн байгууллага судалгааны мэдээллийг ашиглаж байна?

2003 онд “ТВ үзэгчдийн судалгаа”-г хийж эхлэхэд санхүүгийн болон бусад бүх талаар тусалж судалгааны үнэ цэнийг ойлгож хамтарч ажиллаж ирсэн Хаан банк, Mонголиан Стар Мелшерс, MCS, Таван Богд, UBS, Eagle, TV9, МҮОНТ телевиз зэрэг байгууллагуудад талархах учиртай. Брэнд болсон судалгааг бий болгоход хамтарч ажиллан судалгааг бизнестээ зоригтой ашиглаж чадсан дээрх байгууллагууд өнөөдөр ямар төвшинд хүрснийг хүн бүхэн мэднэ. Одоогоор 11 байгууллага тогтмол авч хэрэглэн бизнестээ ашиглаж байна.

-Судалгааны ач холбогдолыг хүмүүс үгүйсгэх явдал түгээмэл байдаг юм шиг санагддаг. Танай судалгааны гол ач холбогдолыг тодорхойлвол…?

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, менежерүүд үзэгчдийн үнэлгээгээр өөрийн зах зээлийн эрэлт, бодит хэрэгцээг тодорхойлох боломж бүрдэнэ. Ингэснээр, нийтлэл нэвтрүүлгээ сайжруулах, хэрэглэгчдээ татах, өргөжүүлэх, менежментийн бодлогоо тодорхойлох боломжтой. Бизнесийн болон бусад сонирхогч байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжийн талаарх үнэн бодит мэдээллийг хараат бус судалгааны байгууллагаас тогтмол авах эх үүсвэр нээгдэнэ. Ингэснээр, реклам сурталчилгааны зорилтот бүлгээ оновчтой сонгож, түүний хүртээмж үр нөлөөг дээшлүүлэх, улмаар үр ашиггүй зардлаа хэмнэж бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлнэ.

Судалгаагаа ямар аргачлалаар явуулдаг вэ? Хэнээс мэдээлэл бүрдүүлж авдаг вэ?

Судалгааны аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, урт хугацааны практикаар туршин сайжруулсан. Судалгаанд сурвалжлагын анкет болон хөгжингүй орнуудад түгээмэл ашигладаг тэмдэглэгээний аргыг (diary) ашиглаж байгаа. Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 215 мянган өрхөөс санамсаргүй түүврийн квотын аргаар нийт 500 өрхийг сар бүр сонгон хамруулдаг. Сонгогдсон өрхөөс Киш гридийнр аргаар респондентийг сонгон социологийн судалгааны стандартчилагдсан сурвалжлага хийдэг. Цаашид үндэсний хэмжээнд явуулах зорилготой ажиллаж байна.

-Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааг юундаа хэрхэн ашиглах вэ?

Монголын мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, нэвтрүүлгийн бодлогоо сайжруулах, уран бүтээлийг дэмжиж урамшуулах, зах зээлээ мэдэрч шинэ санал санаачилга бий болгох, маркетингийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлтдөө урьдчилан ашиглах, хамтран ажиллах мэдээллийн хэрэгслээ сонгох, үнэлэх, хэвлэл мэдээлэлд реклам сурталчилгаагаа оновчтой байршуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний сегментчлэл хийх, барааг ангилан зах зээлийг бий болгох зэрэг олон нөхцөлд байдалд ашиглах өргөн боломжтой. Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах орчин үеийн шинэ хандлагууд хүч түрж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх олон арга хэлбэрүүдээс олон нийтэд чиглэсэн зар сурталчилгааны сувгийг өргөнөөр ашиглах болжээ.

-Мэдээж хэрэг хүндрэл бэрхшээл байсан л байх. Өөрийн телевизийн рейтингийг өргүүлэх ч юмуу, рекламаа бохироор үнэлүүлэх гэх мэт.

Бид хэвлэл мэдээллийн зах зээлийг судалдаг анхдагч, цорын ганц байгууллага болохоор тийм зүйлийг буруушаадаг. Өнөөгийн бодит байдлыг судлаж үнэн зөв мэдээллээр олон нийт, төр засгийг хангах нь бидний үүрэг. Иймээс ямарваа нэгэн шахалт, лоббинд өртөх, бодит байдлыг мушгин гуйвуулах зэргийн эсрэг ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН зогсдог. Тиймдээ ч бид 6 жилйн хугацаанд тогтмол энэ судалгааг хийж чадсан гэж боддог.

-Томоохон бизнесийн байгууллагууд болон бусад салбарынхан хэрхэн ашиглавал зөв бэ?

Компаниуд зар сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлтэд асар их мөнгө зарцуулж байгаа ч үр дүнг нь тэр бүр тодорхойлох боломжгүй байгаа нь бодит зүйл юм. Сүүлийн үед зар сурталчилгааны мониторинг хийх зэргээр сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх зарим арга хэмжээ авч байгаа боловч үр ашигтай суваг сонгоход учир дутагдалтай байсаар байгаа. Бид бизнес эрхлэгчдэд тулгардаг олон асуудлыг судлан түүнээс гарах боломжит хувилбаруудыг боловсруулахад үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг чиглүүлдэг. Энэ нь “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны тайлан бөгөөд 2003 оноос сар бүр тогтмол явуулж өдгөө 54 тайланг Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагууддаа бэлтгэж өгчээ. Судалгааны тайлан нь зар сурталчилгаа болоод хэвлэл мэдээлэлтэй холбоотой цогц мэдээллийг агуулдаг, хэрэглэгчдийн үйл хөдлөлд гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тусгадагаараа онцлогтой. Энэхүү судалгаа нь манай оронд хэвлэл мэдээллийн сувгуудын талаарх мэдээллийг цогцоор нь гаргасан анхны мэргэжлийн судалгаа байв.

Энэхүү судалгаагаар гудамжны самбараас эхлээд интернет хүртэлх дотоодын бүхий л мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны бүхий л сувгийг хамруулан тэдгээрийн онцлог, давуу болон сул тал, хүртээмж, рейтинг, зах зээл зэргийг дэлгэрүүлэн судалдаг.

-Алсын хараа, хэтийн зорилгоосоо хуваалцаач?

Бид цаашдаа судалгааныхаа үнэ цэнийг дээшлүүлэх, болон бизнесийн байгууллагууд хэрхэн ашиглах талаар шат дараатай ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Судалгааны түүврийн хэмжээгээ нэмэх, судалгааны бааз суурьтаа түшиглэн хэрэглэгчдийн зах зээлийг судлах шинэ суурь онолыг бүтээх, шинэ шатны техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх гэх мэт ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн реклам захиалагч болон реклам сурталчигаа бүтээгч агентлаг, студи, продакшнуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

Танай сонины хамт олонд бас талархалаа илэрхийлье. “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны тайланг сар тутам болон улирал тутамд захиалан авсанаар хэрэглэгчиддээ хүрэх хамгийн зөв сувгаа оновчтой сонгож чадна. Түүнчлэн маркетингийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллагын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж, үнэ цэнэтэй мэдээлэл байж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: