М.Мөнхмандах: Сэтгүүлийн давуу чанар нь универсал байх ёстой

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахын 2008 оны 11 сард “Цаг төр” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.

“Цаг төр” сэтгүүл 2008 оны 11 сарын 19

Монголын хэвлэлийн хүрээлэн өнөөгийн хэвлэл мэдээллийн чанар чансаа, үзэгчдийн тоо, мэдээллийн агуулга зэрэгт дүн шинжилгээ, судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага. Тус хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай мэдээллийн зах зээл, өнгө төрхийн талаар цөөн хором ярилцлаа.

– Хэвлэлийн хүрээлэн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдийн талаар олон судалгаа хийдэг. Манайд хэвлэгдэн гарч байгаа тогтмол хэвлэлийн чиг хандлага ямар байна гэж боддог вэ?

– Сонин бол манайд төлөвш­лөө олсон гэж хэлж болно. Өдөр тутмын болон долоо хоногийн сонины тоо нийт гарч байгаа сонины талаас илүү хувийг эзэлж байна. 14 хоногийн, сарын давтамжтай сонины тоо жилээс жилд буурч, зах зээлээс хасагдаж эхэлсэн. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байх ёстой. Сэтгүүлийн давуу чанар нь универсал байх ёстой. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг. Сонин төлөвшлөө олж, сэтгүүлийн зах зээл одоо л эхэлж байна.

– Сэтгүүлүүд ихэвчлэн улиралд гарч байгаа. Ер нь давтамж, агуулгын хувьд ямар байх ёстой юм бол?

– Гадаадад долоо хоног тутмын сэтгүүлүүд зонхилдог. Тэгэхэд одоо л манайд анхных нь “Цаг төр, хүмүүс” гээд гарч ирж байна. Манай сэтгүүлүүд талаас илүү нь улиралд нэг гарч байгаа. Бүр хагас жилд нэг удаа гардаг сэтгүүлүүд ч байна. Ихэнх нь мэргэжлийн, салбарын сэтгүүлүүд. Сар тутам гарч байгаа сэтгүүлүүд нь эмэгтэйчүүд, эрүүл мэндийн чиглэлээр л нийтлэл, материал бэлтгэж байгаа даа. Долоо хоног тутмын сэтгүүл гаргахад нэлээд зориг, тэвчээр, хүч хөдөлмөр шаардсан зүйл. Харин монголын анхны долоо хоног тутмын “Цаг төр, хүмүүс” сэтгүүл тууштай гарч, нийгэм, олон нийт рүү хандсан нийтлэл бэлтгэж байгаа нь талархууштай. 1990-ээд оны сүүлээр хэд хэдэн хувийн сэтгүүл гарсан ч тэр бүр тууштай гарч чадаагүй. Сэтгүүл, сонины зах зээл хоорондоо асар их ялгаатай. Сэтгүүл өндөр өртөг зардлаар хэвлэгдэж бүтдэг, түүнийгээ дагаад борлуулах үнэ нь ч өндөр. Дундаж амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар, боловсрол, оюуны хэрэгцээ шаардлага ямар байна гэдгээс сэтгүүлийн борлуулалт хамаатай байдаг. Сүүлийн үед сэтгүүл худалдаж авдаг хүрээлэл бий болж байна. Төрөлжсөн болон байгууллага, мэргэжлийн салбар, төслийн сэтгүүлүүд гарч байгаа. Харин нийгэм рүү чиглэсэн, олон нийтэд зориулагдсан сэтгүүл ганц нэгээрээ гарч ирж байна. Сэтгүүлийн хувьд одоо л гарч ирж, хөл дээрээ зогсохоор оролдож байна.

– Нийгэм рүү хандсан мэдээлэл дутмаг гэж та хэллээ. Олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах боломж сэтгүүлчдэд хангалттай байна гэж та үздэг үү?

– Өдөр тутмын сонин, телевизүүдээр яг адилхан мэдээ гардаг. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийнх нь эзэмшил харъяалалаас хамаараад бай­гаа. Улс төрийн аль нэг намыг дэмждэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол иргэдийн өдөр тутмын ахуй амьдралыг хөндөж, дэлгэж тавихаасаа илүү улс төржих хандлага ажиглагддаг. Манай хэвлэлийнхэн дээд зэргээр улс төрждөг. Иргэд өнөөдөр яаж амьдарч байна, ямар асуудал тулгарч байна гэдгийг хөөгөөд явдаг сэтгүүлч ховор. Хэвлэл мэдээлэл нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгийг улс орон бүр өөр өөрөөр үздэг. Улс орон бүрт өөрийн гэсэн онцлог байгаа. Сэтгүүлчид төвийг сахих уу, тайлбарлан таниулах уу, жирийн иргэдийг өмгөөлөх үү гээд нэг мэдээллийг олон өнцгөөс өөр өөрөөр харж өөрийнхөөрөө мэдээллийг хүргэдэг. Өмгөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа сэтгүүл зүйг иргэний сэтгүүл зүй гэж нэрлээд байгаа юм. Тэр болгон дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэж чадахгүй, эрх ашгаа хамгаалж чаддаггүй жирийн иргэдийн ашиг сонирхолын үүд­нээс нийтлэл нэвтрүүлэг бэлт­гэж, хэвлэл мэдээллээр цац­санаараа эрх ашгийг нь хам­гаалахад хувь нэмэр оруулж байгаа нь иргэний сэтгүүл зүй.

– Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо манайд олширчээ. Хүн амынхаа тоо­той харьцуулаад үзэхээр их л том тоо гардаг.

– Бусад өндөр хөгжилтэй орнуудад ардчилал, зах зээл, хэвлэл мэдээллийн салбар зуун жил хөгжиж, өнөөдрийн дүр төрхийг буй болгосон. Тэртээ тэргүй даяарчлал мэдээллийг ямар ч сувгаар олж авах болом­жийг нээсэн. Тийм болохоор бид түргэвчилсэн замаар явж байгаа гэж ойлгодог. Арай ч энэ хэвээрээ зуун жил болохгүй нь тодорхой. Ямартаа ч энэ олон телевизүүдийн дунд өрсөлдөөн явагдаж, цөөн тооны чанар чансаатай нь үлдэнэ.

– Өрсөлдөөн үнэхээр шудрага явагдаж чадах уу? Наад зах нь сурталчилахыг хориглосон бараа бүтээг­дэхүүнийг рекламдан ашиг олдог тохиолдол байгаа. Хуулиа дагасан нь санхүүгийн хувьд нөгөөхөөсөө муу байх гээд л асуудал гармаар санагдах юм?

– Цэвэр зах зээлийн зарчмаар өрсөлдөөн явагдаад, олон тооны үзэгчтэй, түүнийгээ дагаад зар сурталчилгааны орлого их цуглуулдаг нь үлдээд, бусад нь шахагдана гэвэл дэндүү хайран. Хуулиар үүрэг хүлээсэн, нийгмийн тодорхой хэсэгт зориулсан нийт­лэл нэвтрүүлэг явуулдаг МҮОНТ, Боловсрол суваг ч юм уу эдгээр телевизүүд тодорхой хэмжээгээр үзэгчдээ арилжааны телевизүүдэд алдаж л байгаа. Зөвхөн монголд ч биш, дэлхий нийтээрээ кино, шоу цэнгээнт нэвтрүүлэг, хөгжим, спорт гэсэн хэдхэн төрлийн нэвтрүүлгийг үздэг болчихсон. Тэгэхээр өрсөл­дөөнийг зөв явуулахын тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн олон нийтийн телевиз үүрэг хүлээдэг биш, арилжааны сувгууд ч үүрэг хүлээх ёстой. Өөрийн үйлдвэрлэлийн нэвтрүүлэг нийт эфирийн тэдэн хувийг эзлэх ёстой, хүүхдэд, үндэсний цөөнхөд тэдийг нь зарцуулна гэсэн тодорхой зүйл байх ёстой. Нийгэмд хандсан ийм зүйлүүдийг бүх телевиз хийдэг байж өрсөлдөөн тэнцвэртэй явагдана. Одоогоор ОНРТ-ийн тухай, зар сурталчилгааны тухай гэсэн хуулиуд үйлчилж байгаа. Гэхдээ зар сурталчилгааны хуулийг хэн ч биелүүлдэггүй, тэгэхээр энэ өрсөлдөөн бас л шудрага бус явагдаж байна гэсэн үг. Арилжааны телевизүүд энд тэндхийн шоу нэвтрүүлгүүдийг орчуулан гаргадаг. Түүгээрээ үзэгчдийг татдаг. Тийм телевизүүд яваандаа зах зээлд шалгарч үлдэх юм бол үзэгчид, иргэд оюуны хоосролд орох эх суурь тавигдана. Өрсөлдөөд л шалгараад хамгийн олон үзэгчтэй нь үлдэнэ.

– Хэвлэлийн консул байгуулах талаар нэг хэсэг нэлээд яригдаж байсан. Яагаад сураггүй болчихов?

– Аль 1990 оноос яригдаад л байгаа. Үүнийг байгуул­лагууд хоорондоо амбицлах, улстөржүүлэх, өөрийн эрх ашигт нийцүүлж ярих явдал байгаа. Түүнээс биш үнэхээр ёс зүйн консул байгуулж, хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийгөө зохицуулах энэ механизмыг бий болгочих юм бол сэтгүүлчдийн нэр хүнд, ажил асар их өснө гэдгийг ойлгож, түүний төлөө явж байгаа байгууллага байна уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Ёс зүйн консул гадаадад яаж ажилладгийг туршлага судлуулахаар явуулах, сургалтад хамруулах зэргээр гадаадын донор байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хэвлэл мэдээл­лийн ёс зүйн зохицуулалтыг сайжруулъя гэж зорилго нэгдсэн байгууллагууд хоорондоо уралдах биш, нэгдээд ажиллах хэрэгтэй л гэж боддог. Нөгөө талаар энэ байгууллагыг байгууллаа гэхэд санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бодох ёстой. Төрөөс санхүүжилт авна гэхээр итгэл үнэмшил муутай. Тэгээд ч үнэхээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт байж болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Хэн нэгэн хувийн компани санхүүжүүлвэл бас тэр байгууллагын хараат болно. Яг зарчмаараа бол хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрс­дөө эвлэлдэн нэгдээд, ёс зүйн өөрийн зохицуулалтын тэр байгууллагаа байгуулаад, өөрсдөө гишүүн болж, татвараа хураал­гаж санхүүжүүлдэг. Манайд энэ нь арай л амьдралгүй болчихно байх. Өдөр тутмын, долоо, арав хоногийн сонин, радио, телевиз мөнгөө нийлүүлж ёс зүйн консулаа байгуулаад, түүнийгээ мэргэжлийн төвшинд ажиллуулна гэхэд сэтгэл санааны бэлэн байдал, мэдлэг боловсрол, соёл байна уу гэдэгт би эргэлзэж байна. Хэн нэгэн донор байгууллага гарч ирээд энэ мөнгийг ав гэдэг юм гэхэд нэг хэсэгтээ явах л байх. Тэгвэл мөнгө дуусахад л тэр байгууллагын үйл ажиллагаа зогсоно шүү дээ.

М.Гэрэлтуяа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: