Нийгмийн хөгжлийн концепци

29 Apr

Эхлээд хөгжил гэж юу юм бэ? тэр тусмаа тогтвортой хөгжил гэж юуг хэлээд байгаа талаар тодорхойлъё. Тогтвортой хөгжихийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? гэдгийг аль болох харуулахыг зорьё.

Байгалийн нөөцтэй улс хөгжиж чаддаггүй. Тэнд авилга, өлсгөлөн, нийгмийн замбараагүй байдал, алан хядалт л үлддэг гэж үү?

2007-2008 оны дүнгээр Монголын ДНБ-ийн хэмжээ урьд байгаагүй түвшинд хүрч , нэг хүнд ноогдох ДНБ 1000 америк долларт хүрэв. Улмаар 2000 америк долларт тун дөхөж очив. Анх удаа Монголын төсөв ашигтай гарлаа. Манай эдийн засаг үнэхээр өсч байна. Гэхдээ энэ нь хөгжил мөн үү? Тэгэхээр бид хөгжлийг юу гэж тодорхойлохоос хамаарч дээрх асуултын хариулт олдох юм.

Хөгжил олон янз. Хүн өөрөө хөгжиж болно. Улс хөгжиж болно. Эдийн засаг хөгжиж болно. Үйлдвэрлэл хөгжиж болно.
Эдгээр хөгжил бүрийг бас хэмждэг үзүүлэлтүүд нь өөр өөр юм. Сүүлийн үед эдгээрийг хэмждэг асар олон систем үзүүлэлтүүд гарч ирж байна. Гэхдээ хамгийн өргөн дэлгэрч байгаа нь хувь хүний хөгжлийг хүний хөгжлөөр, улс орон, бүс нутгийн хөгжлийг тогтвортой хөгжлийн системээр хэмжих тухай юм.

Хүний хөгжил гэдэг нь хүний байж болох чадавхиудын хөгжил юм. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавхи, мэдлэг чадварын хөгжлийг энэ хэсэгт голчлон анхаардаг.

Тогвортой хөгжил гэдэг нь хойч үеийнхээ хэрэгцээ болон хөгжин дэвших боломжийг хязгаарлахгүйгээр одоо үеийн хэрэгцээг хангасан, хүнийг дээдэлсэн байгаль орчинтойгоо зохицсон урт хугацааны хөгжлийн загвар гэж тодорхойлдог.
Энэ нь 4-н бүлэг үзүүлэлтийн систем юм. Үүнд нь:

1. Нийгмийн үзүүлэлтүүд: ядуурлыг арилгах, хүн амын өсөлт хөгжил, боловсрол, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах, хүн амын нутагшил, суурьшилтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг энэ хэсэгт анхаардаг.
2. Эдийн засгийн үзүүлэлтүүд: хэрэглээний хэв маяг, санхүүгийн нөөц баялаг, эдийн засгийн бодит өсөлт, ажилгүйдэл, инфляци гэх мэтийг голчлон сонирхдог бүлэг юм.
3. Байгаль орчин: цэвэр усны чанар, хангамжийн хамгаалалт, газрын нөөцийн менежмент, эмзэг экосистемийн менежмент, агаар мандлын хамгаалалт, байгалийн нөөцийн зохистой ашиглалт зэргийг авч үздэг.
4. Тогтвортой хөгжлийн стратеги: олон улсын удирдлага, зохицуулалт, олон улсын хууль эрх зүйн арга хэрэгсэл, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл гэх мэтийг судалдаг.

Ерөөсөө тогтвортой хөгжлийн онолууд /Кузинецийн онол, байгалийн баялагийн практикийн онол, гайн онол/ байгалийн баялгаар баян орон, ядуу орныг харьцуулах боломж олгодог. Жишээлбэл Куцинезийн онол нь байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл ба эдийн засгийн өсөлтийн хамаарлыг харуулдаг. Тэд эдийн засгийн тодорхой хязгаар хүртэл байгалийн сөрөг нөлөөллүүд улам ихэсдэг ба энэ хязгаараас эхлэн энэ сөрөг нөлөөлөл буурч эхэлдэг гэж үздэг. Бүх үеийн туршид ядуу орны эдийн засаг, байгаль орчны менежмент, нийгмийн үзүүлэлтүүд нь баян орныхоос хэд дахин сайн байсаар ирсэн байна. Өнөөдөр ЭЗ нь хүчтэй, нийгэм нь цэвэр гольдролоороо явж байгаа улс орнууд байгалийн баялгаар тун хомс орнууд байгаа юм. Харин асар баялгаар баян байсан Конго, Суринам, Сиерра Леон, Негири улс орнууд өнөөдөр юу болсон вэ гэж… Тэнд нэгэн үе асар их баялагтай байсан бол одоо зөвхөн гуйланчлал, авилга, алан хядалт л үлдсэн байна. Өнгөрсөн хугацааны баримтаас дүгнэхэд байгалийн баялгаар баян орон нэг бол асар ядуу болдог, энэ нь тун хялбархан бөгөөд тохиолдох магадлал асар их юм.

Монгол бол гарцаагүй байгалийн баялгаар баян орон. Энд эрдэнэс агуулаагүй толгод бүү хэл дов ч байхгүй гэж хэлж болно.
Байгалийн баялагтай оронд нийгэм нь эмх замбараагүй болж, хөнгөхөн аргаар байгалийн баялгийг цөөн хэдэн олигархиуд булаан авдаг байна. Гадаадын томоохон байгууллагууд, зарим томоохон шинжээчид, мөн манай орны шинжээчид, сэтгүүлчдийн хэвлүүлсэн мэдээллийг сонирхвол Монгол оронд хүнд суртал, авилга ноцтой хэмжээнд хүрсэн, төрийн хяналт алдагдсан төдийгүй гадаадын үл мэдэгдэх субьектууд эрдэс баялгийн ихэнхийг эзэмшдэг, байгалийн үзүүлэх нөлөөлөл тэр тусмаа ус, ойн нөөц, цөлжилт, газрын элэгдэл, хөрсний эвдрэл, агаарын бохирдол нь бараг гамшгийн байдалд ойртож очоод байгаа гэх. Тэгэхээр нөгөө их төсвийн ашиг, ДНБ-ийн өсөлт нь бодит байдалд арай өөр зүйл болж ирэх нь тодорхой байна. Энэ байдал цаашид үргэлжилвэл дараагийн Конго болох магадлал тун ойрхон байгаа гэнэ. Үүнд асар олон хүн санаа зовниж байна. АНУ-ын нэрт санхүүч Ю.Стиглиц, дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед, Япон судлаач Акору нарын зэрэг асар олон судлаачдын судалгаа зөвлөгөө чухам юунд өгсөн дохио болж байна вэ?

Тогтвортой хөгжлийн онолууд тэгвэл энэ бэрхшээлээс яаж зугатаах талаар юу гэж зааж өгсөн байдаг вэ? Энэ нь дараах зүйлүүдийг ямар түвшинд анхаарснаас хамаардаг байна. Эдгээр нь:

1. Макро эдийн засаг, санхүүгийнхээ байдлыг хэрхэн зохицуулах
2. Төсвийн орлого, рентээ хэрхэн зохицуулж, татвар, төрийн албаныхаа тогтолцоог хэрхэн зохиох
3. Авилга, үрэлгэн зарцуулалтаас урьдяилан сэргийлэхийн тулд улс төрийн хэр их чин эрмэлзэл гаргах
4. Хүний нөөц, нийгмийн хөрөнгөө хэрхэн хөгжүүлэхээс шалтгаалдаг гэж үздэг байна.

Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлэх, Голланд өвнөөс сэргийлэх, институцуудыг төлөвшүүлэх, хэтийн хөгжлийг хангах чадварлаг боловсон хүчинг төлөвшүүлэх шаардлагууд гардаг.

Дэлхий дээр хамгийн аугаа байж болох түүх бол биднийх. Хүннү, Сүмбээс авахуулаад Их монгол хүртэл, Бөртэ Чоно, Чингис, Хубилайгаас авахуулаад их аварга Дагвадорж хүртэлх дэлхийг дагуулсан бишрүүлсэн олон хүн Монголынх. Гэвч бид нэг л буруу алхам хийвэл, байгалийн баялагтай баян байсан ч хамаагүй, дэлхийг бишрүүлсэн их түүхтэй байсан ч хамаагүй бид мөхөж, эсвэл дараагийн Конго болох болно. Тэгэхээр бид яах вэ?

Хүн бүр өөрийнхөө ачааг дааж явбал Монгол гарцаагүй хөгжиж чадна

Би хувьдаа ингэж бодож байна. Өнөөдөр их олон зүйл буруу хөгжсөн байна. Санхүүгийн зах зээл буруу хөгжсөн. Ганцхан банкны монполь тогтсон. Авилгал ,хүнд суртал хирээс хэтэрч ганцхан үүнийг нь зохицуулдаг албан ёсны төрийн байгууллага хүртэл байгуулагдсан. Бас нэг зүйл бол төр бүх зүйлд ордог явдал. Төсвийн дарамт гэдэг ойлголт байдаг. Энэ нь манайд 40-н хэдэн хувьтай байх жишээний. Энэ бол Монголд бүтээгдэж буй ДНБ-ы 40-н хэдэн хувийг төр өөрөө бүрдүүлдэг гэсэн үг юм. Гэтэл дэлхийд ганцхан социалист орон буюу төр нь хамгийн их баялгийг бүтээдэг Хятадад энэ тоо 22 хувь байх. Тэгэхээр бид мөн чанартай Хятадаас 2 дахин их социализмтай орон болж таарах нь. Эсвэл Монголын төр 2 дахин их чадалтай төр болж таарах нь. Яагаад байдал ийм болчихов оо гэж… Энд хүмүүс өөрийнхөөрөө байж чадсангүй, Монголчууд хийх ёстой юм аа хийж чадсангүй. Төр өөрөө буруу менежмент хийлээ. Өнөөдөртөө баян байгаа, чадалтай байгаа, мөнгөтэй байгаа. Уг нь түүгээр ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл түүнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө өөр юу билээ баахан тэтгэмж болгоод өгчихдөг. Өнөөдөр олсноо хуваагаад идсэн. Маргааш яах вэ?
Монголд тэр мөнгөөр нь ажил хийж амьдралаа аваад явах ёстой залуус нь Солонгост хог цэвэрлэх гээд явчихсан. Эрчүүд нь ханхайсан Монголд ээмгээ мөлийтөл уйлж хүлээсэн түгшүүр дунд амьдарсан. Яг л дайнаас нөхрөө хүлээж байгаа юм шиг…

Уг нь хүн бүр өөрийнхөө ачааг дааж явж чадвал бид хөгжинө. Ингэж явахын тулд бид хүний хөгжлийн тулгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадварлаг боловсон хүчин болж мэргэжилдээ эзэн болж явах хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээ, эх оронч үзэл төлөвшиж гэмээнэ байгалийн баялагтай хөгжиж чадсан цорын ганц жишиг улс болох аз бидэнд байж болох юм.

Төр нь зөв менежмент хийх ёстой. Гэтэл тэгж чадахгүй бол ядаж бид зөв явья. Эх орондоо хайртай байя. Эх оронч үзэлтэй байя. Ёс зүйтэй байя. Эцэг эхээ хүндэлье. Тэгээд эцэст нь өөр өөрийнхөө ачааг дааж явья. Аав нь аав шиг, хүү нь хүү шиг. Төрийн ажилтан ёс зүйтэй, их сургуулийн оюутан сурах чин эрмэлзэлтэй, компаний удирдлага нь нийгмийн хариуцлагатай, хог цэвэрлэгч нь ажилдаа хайртай байя. Хүн бүр хийх ёстойгоо л хийе. Чаддаг нь төрд ажиллая. Мэддэг нь малаа маллая. Бас нэг нь бааранд хамгаалагч хийг, хог цэвэрлэг. Бүгд байрандаа л байя. Эх оронч үзэлтэй байцгаац.
Өнөөдөр Монголд бүх зүйл буруу тогтсон, буруу механизмтэй, эдийн засаг хөгжөөгүй, экологийн систем нь гамшигт орох дөхсөн, үйлдвэрлэл хөгжөөгүй бүрхэг өдөр байна. Харин бид, Монголчууд өөрсдөө хичээж чадвал, хүн бүр байрандаа өөрийнхөө ачааг дааж явж чадвал маргааш зөв механизм бүрдсэн, байгалийн сөрөг нөлөөлгүй, нийгмийн сонгодог байгуулал бүхий, үйлдвэржсэн Монголын хувьд гоё өдөр болж болно.

Монгол хөгжих ёстой. Бид ачаагаа даах ёстой. Эс тэгвээс Конго…..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: