Телевиз ч бас “шарладаг”

29 Apr

Сэтгvvлч Д.Гантуг.

Vндэсний ганц телевизийнхээ статусыг Олон Нийтийнх болгон өөрчлөх асуудалд шийдэл хайж байгаа Монгол улсын хувьд сургамжтай байж мэдэх чиг хандлага сүүлийн үед Америкийн сэтгүүл зүйд бий болж байна. Энэ нь олон нийтийн телевизийг хөхүүлэн дэмжиж өрсөлдүүлэх замаар арилжааны телевизүүдээс нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах тухай санал, санаачилга юм. Хэдийгээр өнөөгийн Америк орныг америк болгосон тулгуур хүчин зүйлүүдийн нэг нь мэдээллийн нээлттэй байдал, чөлөөт хэвлэл, тэр дундаа бие даасан телевизүүдийн хайр найргүй шүүмжлэлт, хүчтэй хянагчийн байр суурь гэдэг нь үнэн боловч, тус улсын нийгмийн харилцаанд хуримтлагдаад байгаа ёс суртахуунтай холбоотой олон асуудалд мөн л чөлөөт хэвлэл, ялангуяа ашгийн төлөөх арилжааны телевизүүд буруутгагдаж байна.

Үнэндээ Америкчуудын амьдралд телевиз дэндүү гүн нэвтэрчээ. Статистик түшье. 2003 оны байдлаар нийт Америк өрхийн 98.5% нь нэг, 90% нь хоёр ба түүнээ дээш тооны зурагттай байна. Дундаж америк иргэн ойролцоогоор 6 сартайгаасаа эхлэн зурагт үзэж эхэлдэг бөгөөд үүнд өдөрт 4 цаг зарцуулдаг гэнэ. Ингээд 65 наслахдаа амьдралынхаа чилийсэн 9 жилийг яс дэлгэцийн өмнө өнгөрөөдөг гэсэн тоо байна. Ийм өргөн хэрэглээг арилжааны телевизийн 1248 станц өдөр шөнийн 24 цагт тасралтгүй хангаж байна. Түүнчилэн, телевизийн зар сурталчилгааний үр дүнд жилд 6 триллион долларын бараа үйлчилгээний борлуулалт хийгддэг нь засгийн газрын хувьд татварын үлэмж орлогыг нь бэлдэж өгдөг гэсэн үг.

Арилжааны телевизүүд ийнхүү америкчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болохын хэрээр тэдгээрийн алдаа, үйл ажиллаганы гажуудлаас нийгэмд үзүүлэх үр дагаврын далайц өргөн болох нь мэдээж. Ийм учраас үзэгчдийн идэвхитэй хэсэг нь арилжааны телевизүүдийн үйл ажиллаганд шүүмжлэлтэй хандах, улмаар сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх явдал ихэсчээ. Ийм шүүмжлэл үндсэндээ дараах хоёр асуудал дээр өрнөж байна.

1-рт, нэвтрүүлгийн чанар, агуулгын ач холбогдлыг гол төлөв санхүүгийн ашиг орлогын үүднээс үнэлж, хэмждэг болсон явдал;

2-рт, бие даасан байдалд нь засгийн газар болон бизнесийн бүлэглэлүүд санхүүгийнх нь сонирхлоор дамжуулан нөлөөлдөг болсон явдал;

Миний бие арилжааны ЭнБиСи (NBC) телевизийн салбарт ажиллаж буйн хувьд дээрх хоёр асуудлаар бодлоо хуваалцах, чухамдаа эндхийн арилжааны телевизүүдийнх нь эмзэг сул талыг тодруулан үгүйсгэх замаар Монголд цэвэр ашгийн бус, олон нийтийн телевизийг хөгжүүлэх явдал бол хамгийн дөнгүүр хувилбар гэсэн гаргалгааг хийх гэж энд оролдлоо. Єөрөөр хэлбэл, энэ өгүүлэл бүхэлдээ олон нийтийн телевиз ийм, тийм байх хэрэгтэй гэх эерэг үндэслэлүүдийн тухай гэхээсэ илүү Америкийн арилжаны телевизүүдийн амьдрах аргыг шүүмжлэлт нүдээр харсан үгүйсгэл болно.

1. Телевиз ч бас “шарладаг”

Арилжааны телевизүүдийн хувьд үзэгчдийн тоо бол хамгийн гол валют. Энэ үзүүлэлт өндөр байхын хэрээр зар сурталчилгааны төлбөр өсөх тул үзэгчдийн хүрээгээ тэлэх өрсөлдөөн маш хүчтэй байдаг. Харин өгөгдсөн цаг мөчид тухайн нэг телевизийн сувгийг яг хэдэн хүн үзэж байгааг яаж мэддэг вэ?

Хэвлэлийн судалгааны NMR (Nielsen Media Research) байгууллагаас сар бүр Америкийн өнцөг булан бүрийн 5000 гаруй өрхийг сонгон, тэдгээрийн зурагт, видео хальс тоглуулагч, кабелийн суваг хүлээн авагч зэрэгт нь хэмжих төхөөрөмж (People Meters) суурилуулдаг. Энэ хэмжигч нь аль сувгийг, хэчнээн хүн, хэдэн цаг үзсэнийг нарийвчлан тооцоолж гаргана. Улс даяар нэвтрүүлгээ цацдаг арилжааны телевизүүдийн хувьд энэхүү Телевизийн Нилсений Зэрэглэл нь үзэгчдийнх нь хүрээг тогтоох үндсэн хэмжүүр болж байна. Ихэнх компаниуд зар сурталчилгаа цацуулах үнэ өртгөө Нилсений Зэрэглэл дээр үндэслэн тогтооно. Єнөөдрийн байдлаар NBC, ABC зэрэг үндэсний хэмжээний телевизүүдээр оргил цагт (орой 8-10 цагийн хооронд) 30 секундын сурталчилгаа явуулах ханш нь 190 мянган доллар байна. Нилсений зэрэглэлийн жагсаалтанд нэг дугаар буурч бичигдэхэд л энэ ханш 170 мянган боллар болж доошилно. Иймд, ямар ч аргаар болов үзэгчдийн сонирхлыг татах явдал арилжааны телевизүүдийн бизнесийн хамгийн гол зорилго болдог. Үзэгчдийг валюттай адилтгаж хэлдэг ийм учиртай. Харамсалтай нь ашгийн ийм сонирхол нийтлэл, нэвтрүүлгийн агуулгын чанарт сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүний хохирогч нь нийгэм болж байгаа талаар судлаачид их бичиж байна.

Америкийн Кабелийн Телевизийн Үндэсний Холбооноос санхүүжүүлж, эмч, сэтгэл зүйчид, хуульчид, сэтгүүл зүй судлаачид, хэвлэлийнхнээс бүрдсэн багийн гардаж хийсэн “Телевизийн Хүчирхийллийн Үндэсний судалгаа” (1998) -ны дүнгээс харахад дундаж Америк хүүхэд 18 нас хүрэхдээ хүчирхийллийн 200 мянган үйлдэл, 16 мянган аллагыг зурагтаас үзсэн байдаг аж. Зурагтаар гарсан Голливуудын 1000 гаруй киноны агуулгад хийсэн дүн шинжилгээгээр зөрчилт байдалд хүрсэн гол баатруудын ердөө 4% нь асуудлыг хүчирхийллээс зайлсхийсэн хувилбараар шийдэж буй байдлаар дүрсэлсэн нь тогтоогджээ. Иймд, америк залуучууд хэрцгий, түрэмгий болж байгааг телевизийн хүчирхийлэлтэй холбон тайлбарлах явдал түгээмэл байна. 2-7 настай хүүхдүүдийн 81% нь зурагтыг томчуудын хяналтгүйгээр 7 хоногт дор хаяж 28 цаг үздэг бөгөд тэдний дун “Аавтайгаа байх дуртай юу, зурагтаа үзэх дуртай юу” гэж асуухад 54% нь “Зурагт” гэж хариулсан байх жишээтэй. Эцэг эхийнхээ сурган хүмүүжүүлэх үүргийг зурагтаар ийнхүү орлуулах болсон Америкийн шинэ үе гэр бүлийн уламжлалт үнэ цэн, нандин харьцаанаас улам бүр холдож байгаа нь бас л нэг сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

2001 онд Америкийн Боловсролын яамнаас сурлага муутай хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 67% нь мөн л зурагтын донтой байв.”Хоолны реклам ба хэт таргалалт”, “Телевизийн хүчирхийлэл ба галт зэвсгийн гэмт хэрэг”, “Савангийн дуурь ба гэр бүл салалт”, “Голливууд ба high-tech гэмт хэрэг” гэх мэтээр жагсаагаад байвал барагдахгүй олон судалгаа, дүгнэлтүүд сүүлийн жилүүдэд хийгджээ. Арилжааны телевизүүд ийнхүү хар данстай болох хандлага цухалзаж эхэллээ. Нэг талаас энэ нь төгс өрсөлдөөнт чөлөөт зах зээлийн бүтээгдэхүүн, нөгөөтэйгүүр хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал тул засгийн газрын зүгээс шууд хааж, боосон бодлого явуулах нь үндсэн хуульд нь харш байна.

Эцэст нь ийм хямралт байдлаас гарах ухаалаг арга зам бол арилжааны телевизийн үзэгчдийг ашгийн төлөө бус, нийгмийн эрх ашигт үйлчилдэг, олон нийтийн хүчирхэг телевиз байгуулах замаар “булаах” явдал юм гэсэн хувилбарт түлхүү ач холбогдол өгч байх шиг байна. Үзэгчдийн тоо, үр нөлөө хоёр урвуу пропорциональ хамааралтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой энгйн логик билээ.

2. Хэн мөнгөтэй нь хөгжим захиалдаг

Миний ойлгож байгаагаар арилжааны бие даасан телевизийг засгийн газарт дуулгавартай хандахад хүргэдэг 2 үндсэн шалтгаан байна.

1-рт, Засгийн газар ямагт хамгийн том зар сурталчилгааны захиалагч байдаг явдал;

2-рт, Засгийн газар нь мэдээллийн гол эх үүсвэрүүдийн нэг байдаг явдалд

2001 онд Америкийн засгийн газар 1 тэрбум долларын сурталчилгаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацуулсан үзүүлэлтээр хамгийн том 100 сурталчлуулагчдын жагсаалтны 24 дүгээрт бичигджээ. Ингэснээр Кока-Кола, АйБиЭм зэрэг компаниудыг ч ардаа орхисон юм. 1997 онд 768.2 сая доллар зарцуулснаар 20 дугаарт бичигдэж байв. (Эх сурвалж: adage.com) Терроризмийн эсрэг тэмцэл, Ирактай хийж буй дайны суртал ухуулга зэргийн улмаас энэ онд дээрх үзүүлэлт мэдэгдэхүйц өсөх тооцоо байна. “Сурталчилгаа” гэдэгт засгийн газрын захиалгаар бэлтгэгдсэн төлбөрт нэвтрүүлгүүд бас багтаж байгааг дурьдах хэрэгтэй байх. Сурталчилгааны зардал өндөр байна гэдэг нь шууд утгаараа телевизээр цацагддаг засгийн газрын “суртал ухуулга” олон байна гэсэн үг юм. Эдгээр төлбөрт нэвтрүүлэг, сурталчилгааны агуулгыг телевизийн зүгээс хянаж, засварлах боломж бага. Учир нь засгийн газар энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн байр сууринаас эдийн засгийн харилцаанд орж буй хэрэг бөгөд тоглоомын дүрэм нь “үйлчлүүлэгч бол хаан” билээ.

Мөнгөөр нэвтрүүлгийн цаг худалдаж авагчдын жагсаалтыг манлайлдаг нь ганцхан Америкийн засгийн газар биш ээ. 2000-2001 онд Английн Тони Блэйрийн засгийн газар 192 сая фунт стерлингийн (345 сая ам доллар) телевизийн сурталчилгаа авснаар Английн арилжааны телевизүүдийн хамгийн том түнш болсон юм. Үр дүн нь 2001 оны сонгуулийн ялалт байв. 1997 онд тус улсын засгийн газрын сурталчилгааны төсөв 43.8 сая фунт стерлинг байжээ. (Эх сурвалж: bbc.co.uk)

Австралийн засгийн газар ч ялгаагүй 2001-2002 онуудад тус бүр 160 сая долларын сурталчилгаагаар арилжааны телевизүүдийг санхүүжүүлсэн нь шинэ дээд үзүүлэлт болжээ. Єнөөдөр гэхэд л тэд 200 сая долларын сурталчилгааны тендэр зарлачихаад сууж байна. (Эх сурвалж: bandt.com.au)

Орчин цагийн цензур

Цензур гэдэг нь censorship буюу мэдээллийн агуулгыг хөндлөнгөөсхянах гэснйиг монголчилсон хэллэг. Засгийн газрын зүгээс арилжааны телевизүүдтэй хэл амаа хялбархан олоход хэрэглэдэг хоёрдох гол түлхүүр нь мэдээллийн эх сурвалжид тээг, саад тавих эрх мэдэл нь юм. Хэвлэлийнхний хувьд засгийн газар хэзээд хамгийн чухал мэдээллийн эх сурвалж байдаг тухай өмнө дурьдсан. Иймд хэвлэлийнхэн хүссэн ч, эс хүссэн ч анхаарлаа ямагт засгийн газарт хандуулж л байдаг. Ялангуяа шууд, шуурхай сурвалжлага бараг стандарт болчихсон энэ нийгэмд хэвлэлийнхний хувьд мэдээллийн эх үүсвэрт саадгүй нэвтрэх боломжтой байна гэдэг амин чухал асуудал. Энэ утгаараа “Мэдээлэл бол ашиг олох зорилгоор үйлдвэрлэгддэг таваар мөн” гэсэн зарчмаар ажилладаг арилжааны телевизүүдийн хувьд засгийн газар бол нэг том түүхий эд нийлүүлэгч мөн. Түүхий эд үгүй бол үйлдвэрлэл үгүй. Ийм бодит байдал нь эцсийн дүндээ тэс өөр чиг үүрэг бүхий энэ хоёр институцийн хэн нь хэнээсээ илүү хамаардаг вэ гэх тэнцэл дээр засгийн газар тэргүүлэх жин дардаг болоход хүргэжээ.

Үнэндээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр Америкийн засаг захиргааны босго мэдэгдэхүйц өндөр болжээ. Босго өндөрсөхийн хэрээр уг босгоор орж гарч байх эрх улам ч үнэд орж байгааг хэвлэлийнхэн хүлээн зөвшөөрч байна. Єөрөр хэлбэл, засгйин газар өөрийгөө улам хаалттай болгох, зайлшгүй, шуурхай мэдээллийн эрэлт дээр хясах замаар хэвлэлийнхнийг дуулгавартай байлгах аргад шилжиж байх шиг байна. Энэ арга нь ч маш сайн ажиллаж, зарим тохиолдолд бие даасан, арилжааны телевизүүд нийтлэлийн болон боловсон хүчний бодлогодоо засгийн газрын “саналыг” тусгах хэмжээнд хүртэл дуулгавартай байх тохиолдол үе үе гарах болжээ. Америкийн үндэсний 3 том телевизийн нэг болох NBC Ирак дахь сурвалжлагч Петр Арнеттаа Пентагоны таалалд нийцүүлэх гэж ажлаас нь хөөсөн явдал хамгийн шинэхэн жишээ юм.

Петр Арнеттийн тvvх

Эх орон нь дайтаж байхад Иракийн телевизэд ярилцлага өгч, Америкч бус мэдэгдлүүд хийн, Саддам Хусейний дэглэмийг сайшаасан өнгө аястай юм хэлсэн нь наад зах нь ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч боломгүй алдаа болсон байж мэднэ. Уг нь тэрээр баргийн алдаандаа уучлал хүлээвэл хүлээхээр алдар цуутай нэгэн. 1991 оны Персийн булангийн дайны үед сайн дураараа Иракт үлдэж, СиЭнЭн-д шууд сурвалжлагаа илгээж байсан нь Шинэ Зеланд гаралтай Петр Арнеттийг тухайн үед Багдадад үлдэхээр зориглосон барууны цорын ганц сурвалжлагч болгосон юм. 1966 онд Ассошиэтэд Прэсс агентлагт данстай байхдаа Вьетнамаас бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаараа Пулитцерийн шагнал хүртэж байсан энэ эр дайны талбараас сурвалжлах ажилд гаргууд мэргэшсэн тул ажлын гэрээ нь ямагт 8 оронтой тоо байдаг.

Гэвч энэ удаад түүнд нэр хүнд нь хамгаалалт болж чадсангүй. Уг нь ЭнБиСи телевиз Арнеттийн ярилцлага 3-р сарын 31-нд Иракийн телевизээр гарсны дараа түүнийг хамгаалсан мэдэгдэл хийсэн боловчь үүнээс хэдхэн цагийн дараа байр сууриа эрс өөрчилж, Петр Арнеттай хийсэн ажлын гэрээгээ цуцалснаа мэдэгдлээ.

Үндэсний том телевиз суурин дээрээ ийм амархан холбирох явдал нь голдуу уг телевизийн бие даасан байдал эрүүл бус байгааг харуулдаг билээ. Үнэндээ Петр Арнеттийн түүх бол нэгэн сурвалжлагч амнаасаа болж ойчсон төдий асуудал биш, чухамдаа ЭйБиСи, ЭнБиСи, СиЭнЭн зэрэг телевизүүдийн бие даасан байдалд засгийн газар, тэр дундаа Пентагон хэрхэн нөлөөлдөг болсны жишээ гэж нэг бус сэтгүүл зүй судлаачид эмзэглэж байна. Алдартай сэтгүүлч учраас л Петр Арнеттийн жишээ олны сонорт хүрсэн болохоос биш чухамдаа хэчнээн сэтгүүлч, сурвалжлагч иймэрхүү нөхцөл байдлын золиос болж байгааг хэлэхэд хэцүү.

Америкийн засгийн газар Петр Арнетад дургүй байх шалтгаан нь 1991 оны Персийн булангийн дайны үеэс эхлэлтэй аж. СиЭнЭн-ийн урдаа барьдаг байсан сурвалжлагч тэрээр дайнд олон мянган энгийн номхон иргэд амь насаа алдаж байгааг хурцаар шүүмжилж байсан нь дайны талаархи тус улсын бодлогыг эсэргүүцэгчдэд таатай дэмжлэг болж байсан аж. Яалангуяа Америкийн бөмбөг зэвсгийн үйлдвэр устгалаа гэсэн нь хүүхдийн тэжээл үйлдвэрлэдэг газар байсан тухай сурвалжлага нь дайныг эсэргүүцэх хөдөлгөөнийг эрс дэвэргэж орхисон юм. Энэ утгаараа Петр Арнет Иракийн талд үйлчиллээ гэсэн шүүмжлэл тухайн үед хүчтэй өрнөж байжээ. Ийм шүүмжлэлийн албан ёсны тэргүүлэгч нь эцэг Бушийн засгийн газар байлаа.

1998 оны 6-р сард СиЭнЭн “Үхлийн Хөндий” (Valley of the Death) нэртэй нэвтрүүлэг бэлтгэн цацсан нь бас л Пентагоныг тойрсон бөөн шуугиан дэгдээж орхив. Єнөөх Петр Арнетт уг нэвтрүүлгийн текстийг уншсан байсныг ч хэлэх үү.

1970 онд Пентагон Вьетнамын дайнаас оргож Лаост үлдсэн америк цэргүүдийг хорт хийгээр утаж устгасан нууц ажиллагааны тухай уг нэвтрүүлгийг Ийгл телевиз бүрэн эхээр нь орчуулан гаргаж байсныг зарим хүн санаж байж магадгүй. СиЭнЭн-ийн 2 найруулагч, Тайм сэтгүүлтэй хамтран 8 сарын турш эрэн сурвалжилж, тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан олон арван генерал, офицеруудаас ярилцлага авч бэлтгэсэн уг нэвтрүүлгийг Пентагон мөн ихэд уурсан хүлээж авсан юм. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга, генерал Колин Пауэлл, уг ажиллагааны үед Ерөнхийлөгч Никсоны үндэсний аюулгүйн зөвлөх байсан Генри Киссинжер нараас эхлээд Пентагоны нөлөө бүхий албан тушаалтнууд СиЭнЭн-ээс уг нэвтрүүлгээ үгүйсгэх, улмаар дэлхий даяар уучлал гуйхыг маш хүчтэй шаардаж байлаа. СиЭнЭн-ийн цэргийн зөвлөх, генерал Перри Смит энэ нэвтрүүлгийг эсэргүүцэн албан тушаалаасаа огцорч байв.

Засгийн газрын мэдэллийн сүлжээнээс таслагдчих вий гэж эмээсэн СиЭнЭн-ий удирдлага 24 цагийн дотор уучлал гуйж, “үндэслэлгүй мэдээлэл” тарааснаа хүлээн зөвшөөрсөн билээ. “Үхлийн Хөндий”-н 2 найруулагч нь нэвтрүүлэгтээ дурьдсан баримтуудын үнэн бодит байдлыг хамгаалсаар байсан бөгөөд СиЭнЭн үнэнийг ингэж “булшилсан” явдалд дургүйцэн ажлаа орхиж байжээ. Ялангуяа генерал Смит Уолл Стрийт Жоурнал сэтгүүлийн 1998-оны 7 сарын 8-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Би СиЭнЭн-ийн Мэдээний Бүлгийн дарга Том Жонсонд Петр Арнеттийг халах явдал бол танай телевиз цэргийнхэнтэй харилцаа холбоогоо хадгалж үлдэх цорын ганц зам болохыг ойлгуулсан” хэмээн дурьдсан нь телевизүүд засгийн газраас мэдээлэл олж авах суваг, хэлхээгээ нээлттэй байлгахын тулд ихэд дулгавартай ханддаг гэх хардлага ортой болохыг харуулсан явдал байв. Хэдийгээр СиЭнЭн-д Петр Арнетт үнэтэй хүн байсан боловч Пентагонтой харьцаа муудахгүй байх явдал нь түүнийг хадгалж үлдэхээс ч хавьгүй чухал байсан биз. Ингээд 1999 оны 4 сард СиЭнЭн Петр Арнеттийг арга буюу халсан юм. Үүний дараа ЭнБиСи телевиз түүнийг наашаа гэсэн боловч өнөөдөр ийнхүү бас л хөөж орхив.

Нэр хүнд сайтай Петр Арнеттийг ийнхүү зайлуулж чадсан явдал нь бусад сэтгүүчдийн хувьд сануулга болов. Энэ бүгдээс үзэхэд “Хэн мөнгөтэй нь хөгжим захиалдаг” гэх зарчим Америкийн арилжааны телевизүүдийн хувьд зөрчих аргагүй хууль мэт үйлчлэх болжээ.

Төрийн дарамтыг мөнгөний дарамтаар ийнхүү солих нь чөлөөт хэвлэлийнхний хувьд “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэгтэй агаар нэгэн хэрэг билээ. Үнэндээ хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх тал дээрх Америкийн урьдын үлгэр жишээ хандлага өрчлөгдөж байна гэх шүүмжлэл түгээмэл сонсогдох боллоо. Ялангуяа 2001 оны 9 сарын 11-ний халдлагаас хойш засгийн газар ихэд ууртай, халгаатай, хаалттай болж байгааг хэвлэлийнхэн мэдэрч байна.

Хил Хязгааргүй Сурвалчжлагчид (Reporters Without Borders) байгууллагас саяхан хэвлүүлсэн олон улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийн жагсаалтанд Америк 17-рт бичигдсэн нь ардчиллын тугч энэ орны хувьд таатай мэдээ биш гэдэг нь мэдээж. Сүүлийн 2 жилд шүүхийг үл хүндэтгэсэн, улсын аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн голдуу шалтгаанаар цөөнгүй сурвачлжлагч шоронд хоригдсон, засгийн газрын зүгээс хэвлэлийнхэнд учруулдаг дарамт шахалт ихэссэн гэх мэт шалтгааны улмаас Америк ийнхүү Коста Рикагийн ард бичигдсэн тухай уг индекст тайлбарлажээ. (Эх сурвалж: www.rsf.fr)

Энэ бүгдээс үүсч буй нэгэн суурь асуулт бол “Төгс өрсөлдөөнт зах зээлийн орчин нь хэвлэлийн эрх чөлөөний баталгаа мөн vv?” юм. Засгийн газрын шууд хяналтанд байгаад амаа үдүүлэх, мөнгөн орлогоо алдчих вий гэж айгаад өөрийнхөө амыг барих хоёрын хооронд тийм их ялгаа байна гэж үү? Телевиз хэнээс ч хамааралгүй бие даан оршиж, чанартай нэврүүлэг мэдээллээр нийгэмд үйлчилэн, “дөрөв дэх засаглалын” үүргээ бодитойгоор биелүүлэх явдлыг баталгаажуулах өөр ямар арга зам байж болох вэ?

Хямралаас гарах оролдлогууд

Телевизийн тааламжгүй агуулга бүхий нэвтрүүлгээс эмзэг үзэгчдийг хамгаалах нэгэн технологийг 1997 оноос хойш Америкт хэрэглэж байна. Энэ нь телевизийн нэвтрүүлгийн зэрэглэлийн систем юм. Одоогоор телевизийн нэвтрүүлгийг агуулгын хувьд 6 үндсэн зэрэглэлд ангилж байна. Эдгээр нь TV-7 (7-оос доош насны үзэгчдэд тохиромжгүй), TV-Y (бүх насны хүүхдэд зориулагдсан), TV-G (бүх насны үзэгчдэд тохиромжтой),TV-PG (эцэг эхийн хяналт шаардлагатай),TV-14 (14-өөс доош насны үзэгчдэд тохиромжгүй) TV-MA (зөвхөн насанд хүрэгчдэд) зэрэг болно. Телевизүүд нэвтрүүлгээ дээрх зэрэглэлүүдэд ангилж, үүнийгээ нэвтрүүлгийн хөтөлбөрийн товхимол зэрэгт заавал дурьдах ёстой. Тухайн нэг нэвтрүүлэг зурагтаар гарахын өмнө ч гэсэн ямар ангилалд хамаарахыг нь заавал зарлана. Энэ нь үзэгчдэд уг нэвтрүүлгийг яаж үзэх талаар, жишээлбэл TV-MA зэрэглэлийн нэвтрүүлгийг хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад үзэх үү болих уу гэдгээ шийдэх боломж олгох зорилгоиой. Сүүлийн үеийн зурагтууд V-Chip гэдэг бичил процессортой үйлдвэрлэгдэж байгаа нь эцэг эхчүүдэд тодорхой зэрэглэлд хамаарах нэвтрүүлгийг уг зурагтаар үзэх явдлыг програмчилан цоожлох боломжийг бас олгож байна.

Зэрэглэлийн энэ систем нь үзэгчдэд шийдвэр гаргах, сонголт хийх боломж олгох сайн талтай боловч арилжааны телевизүүдийг “эмчлэх” нийгмийн захиалгыг биелүүлэх хөшүүрэг болж чадахгүй нь мэдээж. Энэ зорилтын шийдэл нь олон нийтийн телевиз гэж үзэх хандлага өнөөдөр нэмэгдэж байна. Дашрамд дурьдахад олон нийтийн телевиз гэдэг нь баталгаат санхүүжилтийн үр дүнд ашиг орлого хөөцөлдөх эдийн засгийн дарамтаас ангид байж, нийгмийн гишүүн, бүлэг бүрийн эрх ашигт тохирсон, гэгээрүүлэх, мэдээлэх, боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн чанартай нэврүүлэг, мэдээлэл бэлтгэдэг телевизийн байгууллагыг хэлдэг билээ.

Санхүүгийн баталгаат үүсвэр гэдэг нь ихэнх оронд ямар нэг хэмжээгэр засгийн газрын оролцоотойгоор хуваарилагдсан хөрөнгө байдаг. Єөрөөр хэлбэл, олон нийтийн телевиз төрөөс эх үүсвэртэй санхүүжилтийг авахгүй гэх яриа байж таарахгүй гэсэн үг. Энэ нь Монголын нөхцөлд бүр ч үнэн. Монголын Телевиз, Радиогийн 90-ээд оны дундаж төсөв нь 3 тэрбум төгрөг байсны дөнгөж 10 гаруй хувийг зар сурталчилганы орлогоор хааж байсан гээд бодоход манай улсын эдийн засгийн багтаамж нь телевиз, раиогийн зардлыг төсвийн бус эх үүсвэрээр бөглөх ямар ч чадавхгүй. Иймд Монголын телевиз, радио статусаа өөрчилсний дараа ч гэсэн төрийн санхүүжилт зайлшгүй шардлагатай. Єнөөдөр Монгол телевизийн төсвийг УИХ-аас баталж байгаагаас ямар ялгаатай юм бэ гэж та асууж байж магад.

Уг мөнгөөр дамжуулан бие даасан байдалд нь нөлөөлөх боломжийг хаасан механизмаар шүүж авдагт асуудлын гол нь байгаа юм. Ухаандаа улс төрчид телевизийн төсвийг хасна, танана гэж заналхийлэх замаар наймаа хийдэг явдлыг л хааж чадвал санхүүжилтийн гол эх үүсвэр засгийн газраас гарч байх нь нэг их аюултай юм биш. Жишээлбэл, Английн БиБиСи телевизийн санхүүжилт нь зурагт үздэг айл өрх бүрээс хурааж авсан лицензийн төлбөрөөс бүрдэх бөгөөд үүнийг төсөвт төвлөрүүлээд, засгийн газар нь дахин хуваарилалт хийхдээ БиБиСи-д яг тэр хэвээр нь буцаагаад өгчихдөг. Энэ утгараа үзэгчид олон нийтийн телевизээ дэмжиж байгаа хэрэг болохоос биш, засгийн газар төсвийг нь хянаад байгаа асуудал биш юм. Гэхдээ энд бас нэг явдал бий. Тухайн нэг жилд үзэгчид чухам ямар хэмжээний лицензийн төлбөр төлөхийг парламент нь шийддэг. Ийм учраас БиБиСи телевиз засгийн газарт тал засахад хүрдэг гэх шүүмжлэл Англид хүчтэй байдаг. Харин сүүлийн үед уг төлбөрийн хэмжээг, улсын төсвийн тодорхой тогтсон хувийг үзэгчдийн тоонд хуваадаг томъёогоор тооцоолж тогтоодог болох талаар их яригдаж байна. Уг томъёоны хоёр хэрэглүүр үзүүлэлт нь хоюулаа улс төрчдийн эрх мэдлээс ангид тул улс төрийн сонирхлоор бие даасан байдалд нь нөлөөлдөг байдал арилна гэж тооцож байна.

Америкийн тухай яриандаа эргээд оръё. Єнөөдөр Америкт олон нийтийн телевизийн 357 станц ажиллаж байгаа нь арилжааны телевизүүдтэй харьцуулбал 4 дахин бага тоо юм. 1975 онд Конгрессоос баталсан журмын дагуу олон нийтийн телевизийн төсвийг 5 жилийн өмнө урьдчилж батлаад, нэмэлт тодотголыг нь 2 жилийн өмнө хийж байна. Ухаандаа 2003 оны төсөв 1998 онд батлагдсан ба тодотгол нь уржнан хийгдсэн гэсэн үг. 5 жил гэдэг дунд нь дор хаяж 2 сонгууль болох хугацаа тул өнөө маргаашийн улс төрийн ашиг сонирхлоор төсөвт нь хандах явдал үндсэндээ боломжгүй гэсэн үг. Гэвч дээрээс баталж буй төсөв нь олон нийтийн телевизийн зардлын дөнгөж 13.6%-ийг хангаж байгаа нь дэндүү бага үзүүлэлт юм. Энэ онд гэхэд л ердөө 362.8 сая доллар хуваарилсан нь арилжааны телевизүүдийн 5 тэрбум долларын сурталчилгааны орлогоос даруй 14 дахин бага байна. Үлдсэн 80 орчим хувийн зардлаа гишүүнчлэлийн хураамж (25.6%), орон нутгийн засгийн газрын дэмжлэг (17.3%), бизнесийнхний хандив (17%) зэргээр аргалж байна. (Эх сурвалж: cpb.org)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: