Онлайн сонинуудын түүхээс /М.ОДМАНДАХ/

6 May

Хамгийн анх ямар сонин онлайн хэлбэрээр хэвлэгдэж эхэлсэн бэ гэдгийг тодорхойлох нь төвөгтэй асуудал юм. Үүнийг тодорхойлохын тулд зөвхөн хэвлэл мэдээллийн салбараар хязгаарлагдахгүй шинжлэх ухаан техник, компьютерийн салбарын хөгжил рүү зайлшгүй орох шаардлага тулгардаг байна. Онлайн гэдэг үгийн тодорхойлолт ч сүүлийн хэдэн жилийн дотор өөрчлөгджээ. 1970-аад онд онлайн гэдэг үгийн дор телефон утасны шугамаар дамжин нэвтэрч буй аудио, видео мэдээллийг хэлдэг байсан байна. 1980-1990 онуудын үед энэ нь Prodigy, CompuServe, America Online зэрэг компанидаар дамжуулагдан явагддаг байсан мэдээллийн үйлчилгээг нэрлэдэг байжээ. Сонингууд янз бүрийн байдлаар электрон хэлбэр лүү шилжих процесс явагдсан бөгөөд 1990-ээд оны дунд үеэс эхлэн компьютерийн технологит үсрэлийн үе эхэлж, дараахан нь Бүх Дэлхийн Сүлжээ буюу World Wide Web хурдацтай хөгжсөн нь шинэ үеийг авчирсан юм. Тим Бернерс Ли Вэбийн технологи, гипертекст дамжуулах аргыг нээсэн нь Интернэтийн технологит шинэ эрин үеийг авчирсан юм. Флоридагийн Их Сургуулийн Интэрактив Хэвлэлийн төвийг үндэслэгч Дэвид Карлсоны узэж байгаагаар хамгийн анхны онлайн сонин Охайо мужийн “Колумбус Диспач” сонин байжээ. Энэ сонин 1980 онд СоmpuServe – ээр дамжуулан электрон хувилбараа түгээж эхэлсэн бөгөөд захиалагчдын тоо дөнгөж 3600 байсан байна. Энэ үед персональ компьютер ч гараагүй байсан учраас онлайн сониныг авахын тулд захиалагчид тусгай дэлгэц хэрэглэдэг байсан байна. Жижигхэн мэдээг татаж авахад хуртэл их хугацаа шаардагддаг байсан бөгөөд уншигчдын хурээ маш хязгаарлагдмал байсан байна.

1982 он гэхэд Америкийн 11 сонин электрон хэлбэрээр сонингоо түгээдэг байсан бөгөөд тэдгээрийн тоонд Атланта Журнал & Конститьюшн, Лос Анжелес Таймс, Вашингтон Пост, Сан Франциско Экзамайнер, Сан Франциско Хроникль, Миннеаполис Стар Трибьюн сонинууд орж байжээ. Эдгээр сонингууд “Колумбус Диспач” сонины нэгэн адил олон хүнд хүрч чадахгүй байсны шалтгаан нь холболтын үнэ өндөр, хурд удаан байсантай холбоотой юм. СоmpuServe-руу холбогдох нэг цагийн үнэ 5 доллар байсан бөгөөд хэдхэн мэдээ татаж авахын тулд хэрэглэгч 30 доллар төлөхөд хүрдэг байсан байна. Үүний оронд цаасан сонинг худалдаж авбал ердөө л 25 центийн үнэтэй байжээ. 1986 онд АНУ-ын сонины томоохон компани “Найт Риддер” видеотекст систем буюу электрон сонин хөгжүүлэхэд 55 сая доллар зарцуулсныхаа дараа онлайн руу шилжих бүх ородлогоо зогсоожээ. 1980-аад оны эцсээр сонинууд өндөр үнэ, удаан холболтоос залхаж, онлайн хэлбэр руу орох бүх ородлогоо мөн адил эцэслэсэн байна.

1990-ээд оны эхээр “Альбьюкьюркью Трибьюн” сонин персонал компьютерийн хөгжил дээр тулгуурлан “Электрон Триб” нэртэй онлайн сонин гаргаж эхэлжээ. Энэхүү электрон сониныг гаргахын тулд 286 компьютер, утасны 4 шугам авч ердөө л 5000 доллар зарцуулжээ. Өмнөх онлайн сонингуудыг уншихын тулд тусгай дэлгэц хэрэгтэй байсан бол энэхүү сонинг уншихад персонал компьютер, утасны шугам хоёр л хангалттай байсан байна. Уг электрон сониныг хариуцаж гаргасан хүний ярьснаэр сонины эзэн эхний сардаа 400 захиалагч олж байвал хангалттай гэж хэлжээ. Гэтэл энэ сонин эхний хоногтоо л 400 захиалагчтай болж чадсан байна. Өсөн нэмэгдэж буй захиалагчдынхаа хэрэгцээтэй уялдуулан сонины газар утасны шугамаа удахгүй нэмсэн байна. “Электрон Триб” сонины амжилт богино хугацаанд олны анхаарлыг ихэд татжээ. “Найт Риддер” компани өмнө алдсан их алдагдал нь техникийн өөр нөхцөлд явагдсанд эргэн дүгнэлт хийсэн байна. Нөгөөтэйгүүр компьютерийн хэрэглээ 1989-ээс 1995 онд 13-58 хувь болтлоо өсөх таамаглал тооцоо гарсан нь онлайн сонин дахин гаргах шийдвэрт нөлөөлсөн байна. Ингээд одоогийн ойлголтоор анхны онлайн сониныг 1993 оны 5-р сарын 10-нд АНУ-ын Калифорниа мужийн “Сан Хосе Меркурий” (www.mercurycenter.com) гаргажээ.

“Меркурий” сонины араас бусад томоохон сонингууд дагалдаж онлайн үйлчилгээ эхэлсэн байна. “Нью Йорк Таймс”, “Атланта Журнал”, “Вашингтон Пост”, “ЮСА Түдэй” сонингууд онлайн хувилбараа гаргаж эхэлжээ. 1994 оны эцэс гэхэд АНУ-ын 20 сонин онлайн хэлбэрээр гарч байсан бол өнөөдөр энэ тоо хэдэн мянгаар тоологдож байна.

1998 онд гарсан Моника Левинскиин хэрэг онлайн хэвлэл Америкийн нийгэмд ямар байр эзэлсний тод томруун илрэл болсон гэж хэвлэлийн ажиглагчид үздэг байна. Моника Левинскиин тухай мэдээ анх гарсан долоо хоногт “Вашингтон Пост” сонины вэб хуудсанд 33 сая хүн зочилжээ. Үүний өмнөх сард вэб сайтад 25 сая хүн орж байсан бол Моникагийн хэрэг гарсны дараагийн сар буюу 4-р сард вэб сайтад 40 сая хүн орж сонирхжээ. Энэ хэргийн тухай сүүлийн Starr Report дүгнэлт оны эцэст гарахад вэб сайтад 70 сая хүн зочилсон байна. Online Journalism Review сэтгүүлийн сурвалжлагч Жим Беннинг “Ийм инээдтэй үйл явдал онлайн хэвлэл Америкийн нийгэмд, хүмүүсийн хэв заншилд ямар их өөрчлөлт оруулсныг харуулсан нь сонин юм. Энэ нь хүмүүс Интернэтээс зөвхөн мэдээлэл уншаад зогсохгүй мэдээний дагуу харилцан ярилцах сонирхолтой болсныг харууллаа. Хүмүүс Starr Report-ыг Интернэтээс татаж аваад зогсохгүй сэтгүүлчдэд үй түмэн и-мэйл бичиж, мэдээллийн самбаруудыг дүүргэж байлаа. Энэ бүхэн интернэт ердийн хэвлэлд байхгүй интерактив боломж өгсний тод илрэл юм” гэжзэ.

Интернет дээр вэб хувилбараа нээсэн сонингуудын тоо маш хурдацтай өсч байна. Стив Аутингийн үзэж буйгаар онлайн сонингуудын өдөр тутам хоёроор нэмэгдэж байна. Newslink-ийн судалгаагаар 1994 онд 20 онлайн сонин байсан бол энэ тоо 1994 онд 78, 1995 онд 855, 1996 онд 1920, 1997 онд 3622 болтлоо өсчээ. Editor & Publisher сэтгүүлийн газар цаасан болон онлайн сонингуудын талаарх мэдээллийг жил тутам шинэчлэн гаргаж, жилийн ном болгон хэвлүүлдэг. Энэ сэтгүүлийн үзэж байгаагаар 2000 оны 4-р сарын байдлаар дэлхий даяар 4400 сонин онлайн хувилбартай байгаагаас 3161 нь Хойд Америкт, 634 нь Европт, 269 нь өмнөд Америкт, 214 нь Азид байна. Өнөөдөр дэлхий даяар онлайн хэвлэл орон бүрт харилцан адилгүй хөгжиж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: