Мэдээллийн хэрэгслүүд ба өрхийн түвшин дэх телевиз үзэгчдийн зөрчилдөөнт байдал

23 Oct

p_2676869Г.ЦОГТБААТАР |IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал|

Миний бие энэхүү судалгааны нийтлэлээр та бүхэнд тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол хэрхэн суларч байгааг болон хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэж чаддаг эсэх, үүнтэй өрхийн мэдээллийн хэрэгслийн хангамж, гишүүдийнх нь эрх хэрхэн уялддаг, цаашлаад хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагууд өрхийн хамгийн эрх дархгүй гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллээ хэзээ, хэрхэн хүргэж болох тухай өгүүлэх болно.

·   Тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол суларч байна

2003 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгч”-ийн судалгааг эхлүүлж байхад монголд нийт 321 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2006 оны урьдчилсан байдлаар энэ тоо 352 болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл бид өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа мэдээллийн даяар зах зээлийн бодит гэрч болж байгаа юм.

Нийт айл өрхийн мэдээлэл авдаг гол гурван хэрэгсэл нь 2003 оноос хойш өөрчлөгдөөгүй ч бусад мэдээллийн хэрэгслийн ашиглалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний хувь нь буурчээ. Тодруулбал эдгээр нь телевиз, сонин, fm-радио бөгөөд 2003 онтой харьцуулбал интернэт хэрэглэгчдийн тоо хэмжээ бараг 2.5 дахин нэмэгдэж fm-радиотой адил хувьтай байна. Тухайлбал телевиз энэ хугацаанд 91-ээс 76, сонин 47-26, радио 34-23 хувь болж тус бүр буурсан бол интернэт 9-өөс 22 хувь болтоо огцом өсчээ.

·   Өрхийн мэдээллийн хэрэгслийн тоо, хэмжээ нэмэгдсээр

2003 оны 9 сард Улаанбаатар хотын нийт айл өрхийн 88 хувь нь өнгөт зурагттай байжээ. Харин 2006 оны 10 сарын байдлаар энэ нь 90 хувь болж өссөн бол хар цагаан зурагттай өрх 23-аас 18 хувь, ведио тоглуулагчтай өрх 27-оос 29 хувь, хуурцагны хөгжимтэй өрх 72-оос 48 хувь, машины радиотой өрх 32-оос 40 хувь, зөөврийн радиотой өрх 39-өөс 26 хувь, шугамын радиотой өрх 35-аас 22 хувь, CD тоглуулагчтай өрх 38-аас 44 хувь, сталлитын антеннитай өрх 4-өөс 9 хувь, гар утастай өрх 67-оос 76 хувь, мобифонтой өрх 9-өөс 15 хувь, VCD тоглуулагчтай өрх 22-оос 39 хувь, DVD тоглуулагчтай өрх 11-ээс 28 хувь, компьютертай өрх 23-аас 31 хувь болж өөрчлөгджээ. Тоо баримтаас үзэхэд хар цагаан зурагт, хуурцагны хөгжим зэрэг хуучин хэрэгслийн хэрэглээний хувь багасч хүмүүсийн амьдралд илүү дэвшилтэт технологи нэвтэрч байна.

·   Хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ тогтмол үзэж чаддаггүй

Хэвлэл мэдээллийн судалгааг хийх явцад сонирхолтой бас эргэлзээтэй олон тохиолдлуудтай тулгардаг. 2006 оны наймдугаар сарын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар 60-аас дээш насныхны буюу өндөр настнууд хамгийн их үзсэн 10 нэвтрүүлгийн жагсаалтанд МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөр, TV9 телевизийн “Миний эх орон хамгийн сайхан” БНАСАУ-ын хүүхдийн концерт, TV5 телевизийн ““Kids time” Уоллис Громит хоёр” зэрэг хүүхдийн нэвтрүүлгүүд багтсан байлаа.

Өндөр настнууд яагаад хүүхдийн нэвтрүүлэг үзчих вэ? Бидний харилцагч байгууллагуудын хувьд энэ мэдээлэл нь судалгаанд итгэл алдрахад ч хүргэхээр том асуудал юм. Гэхдээ хүүхдүүд зөвхөн хүүхдийн нэвтрүүлгийг, томчууд зөвхөн том хүний нэвтрүүлгийг буюу товчхондоо аливаа хүмүүс өөрсдийн сонирхдог нэвтрүүлэг болон телевизээ тогтмол үздэг бол яах аргагүй энэ нь судалгааны эргэлзээтэй байдлыг илтгэж байна.

Гэтэл нийгмийн үзэгдлүүдийн дийлэнх нь ийм шугаман хамааралтай байж болох ч тэдгээр нь шугаман бусаар илрэх тохиолдлууд их бий. Сүүлийн үед нийгмийн үзэгдлийн тухай шугаман бус онолууд ихээхэн хүчээ авч байгаа.

Бид энэ мэт сонирхолтой бас эргэлзээтэй асуудлуудыг шалгах зорилгоор 2006 оны 12 сард тандах судалгаа хийж үзлээ. Үр дүн нь ихээхэн сонирхолтой гарч байна.

*Та өөрийн хамгийн дуртай нэвтрүүлгээ бодит байдал дээр үзэж чаддаг уу?* гэсэн асуултанд үргэлж гэж 11.1 хувь, ихэнхдээ гэж 28.8 хувь нь, алдаг оног буюу хаяа л гэж 43.1 хувь, ихэнхдээ үгүй гэж 9.2 хувь нь, үгүй гэж 7.8 хувь нь хариулжээ. Өөрөөр хэлбэл 10 хүний 4 нь л дуртай нэвтрүүлгээ тогтмол буюу ихэнхдээ үзэж чаддаг байх нь.

·   Хөдөлмөрийн хуваарь нь хүмүүс дуртай нэвтрүүлгээ үзэхэд саад болж байна

Хэн дуртай нэвтрүүлгээ үзэж чаддгийг тодруулах нь зөв байх. Энэ нь бидний ч мөн харилцагч байгууллагуудын маань хувьд ч сонирхолтой бөгөөд ач холбогдолтой сэдэв билээ. Үр дүнг харвал аав, ээж, ах, эгч, дүү нар буюу өрхийн залуу гишүүд ажил, хичээл сургууль гээд гэртээ тогтвортой байдаггүй бол гэртээ харьцангуй тогтвортой байж, сонирхолтой нэвтрүүлгээ илүү үзчихдэг нь голдуу өрхийн ахмад гишүүд болох өвөө эмээ нар байлаа. Үүнээс хүмүүс өөрийн дуртай нэвтрүүлгээ бага үздэг нэг томоохон шалтгаан нь хөдөлмөрийн хуваарь гэсэн дүгнэлт хийж болно.

·   Өрхийн 3 гишүүний дунд 1 зурагт ногдож байгаа нь патриархи ёсыг хадгалж, цаашид гишүүд дуртай нэвтрүүлгээ үзэхэд саад болдог

Капитализм эрх чөлөө хоёр салшгүй холбоотой тухай XX зууны гарамгай сэтгэгч Милтон Фридман өгүүлсэн байдаг. Товчхондоо энэ нь нэг талаасаа хүмүүсийн материаллаг аж байдал сайжрахад хүн бүрийн эрх хангагдах тухай асуудал байдаг. Энэ нь өрхийн гишүүн тус бүрт ногдох зурагт буюу материаллаг хэрэгслийн тоо хэмжээ нь тухайн өрхийн гишүүдийн эрх мэдлийн шаталсан бүтэц бий болж, үйлчлэхэд нөлөөлж байдаг гэсэн санааг өөрийн эрхгүй төрүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ.

* Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.

Энэ нөхцөлд өрхийн гишүүдийн хэн нь илүү эрх дархтай вэ? Бидний судалгаагаар гэр бүлийн түвшинд патриархи ёс /эцгийн эрхэт ёс/ ноёлсоор байгаа дүр зураг харагдлаа. Араас нь тэгш эрх нэхэж яваа нь олзуурхууштай хэрэг билээ. Өөрөөр хэлбэл өрхийн гишүүдийг суваг сонгох эрхээр мэдлээр нь эрэмбэлвэл хамгийн эхэнд аав, түүний араас ээж, ах, хамгийн бага дүү, эгч, өвөө, эмээ орж байна. Энд нэлээд сонирхолтой нь өрхийн хамгийн отгон гишүүн болох дүү нь эгч болон эмээ өвөөгөөсөө илүү эрх дархтай байгаа явдал юм. Өмнө дурьдсанаар 2006 оны 08 сарын хэрэглэгчдийн судалгаанд 60 ба түүнээс дээш насныхны үзсэн өндөр рейтингтэй 10 нэвтрүүлгийн жагсаалтанд хүүхдийн 3 нэвтрүүлэг орчихсон байсан нь мөн үүгээр тайлбарлагдаж болох байна.

Өрхийн гишүүд хоорондоо ямар нэг байдлаар телевизийн суваг булаалдах тохиолдол гарахад аав, ах нар илүү түрэмгий байдаг бол ээж, эгч нар илүү элгэмсэг, өвөө, эмээ нар хамгийн дуулгавартай нь, дүү нар эгчийгээ элэг барьж, эмээ, өвөөгөө чадчихдаг бололтой юм. Тиймээс өрхийн мэдээллийн хэрэгслийн тоо, хэмжээ харьцангуй нэмэгдсэн хэдий ч гишүүдийнхээ зөрчлийг багасгаж, арилгах хэмжээнд хүрээгүй л байна. Энэ нөхцөлд өрхийн гишүүн бүр  дуртай нэвтрүүлгээ үзэх боломж бага байх бөгөөд одоохондоо хэн нэгнийгээ эзгүйчлэхээс өөр арга байхгүй бизээ.

·  Хэн, хэзээ эзгүй байна тэр цагаар та зорилтот эзэндээ хүссэн мэдээллээ хүргэж болно

Хэрвээ танайх бизнесийн байгууллага бол өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг, хэвлэл мэдээллийн байгууллага бол зорилтот бүлэгтээ /Өрхийн аль нэг сонгосон гишүүндээ/ чиглэсэн мэдээ, хөтөлбөрөө өрхийн ямар гишүүн нь, хэдийд эзгүй байдгийг тандаж судлаад хамгийн магадлалтай цагуудаар байршуулж өгвөл та бүхний хүч хөдөлмөр, цаг хугацаа, зарцуулсан мөнгө тань үр ашигаа өгөх болно.

Тухайлбал хамгийн эрх дархгүй гишүүд болох өвөө, эмээ нарт өглөө 08:00-аас орой 17:00 цагийн хооронд мэдээллээ хүргэвэл зүгээр. Ялангуяа өглөөгүүр, эрт л байх тусмаа илүү өндөр магадлалтай байх болно. Харин хамгийн их эрх дархтай гишүүн аав нарт хамгийн өндөр рейтингтэй цагуудаар /21:00-22:30/ хүргэчихэд гэмгүй.

Ингээд байгууллагын овсгоотой судлаачид, маркетингийн менежирүүд та бүхний ажил хэрэгт амжилт хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: