Монголын хэвлэл мэдээллийн зах зээл – Өнөөдөр

4 Jan

1999 онд Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 1130 мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 17 хувь нь буюу 190 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ тоо 2009 оны эхний улиралд 392-д хүрч даруй хоёр дахин өссөн байна. Тогтмол ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 60 орчим хувь нь хэвлэмэл, үлдсэн нь электрон мэдээллийн хэрэгсэл байна.

Сүүлийн найман жил Монгол дахь мэдээллийн хэрэгслийн тоо тогтмол өссөн нь мэдээллийн хэрэгслийн бүх төрөлд хамаарч байв.  Тодруулбал,  1999 онд өдөр тутмын таван сонин байсан бол 2009 онд энэ тоо 15 болж, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг таван телевиз 18 болжээ. Түүнчлэн 2004-2008 онд нийслэлд жилд дунжаар дөрвөн телевиз, орон нутагт жил бүр 12 богино долгионы радио шинээр байгуулагдаж, орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо таваар нэмэгдэв.

Эдгээр олон тооны мэдээллийн хэрэгслээс хэрэглэгчид сонголт хийж, хэрэгцээтэй мэдээллээ олж авахад хүндрэлтэй болсоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ч хэрэглэгчийн төлөөх, мөн зар сурталчилгааны орлогын төлөөх өрсөлдөөн ширүүсч, нийтлэл нэвтрүүлгийн болон маркетингийн бодлогоо мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байгаа юм.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтад тодорхой өөрчлөлтүүд гарсаар байна. 2003 онд нийслэлчүүдийн хувьд хамгийн түгээмэл ашиглаж, дотоодын мэдээллээ авдаг чухал эх сурвалжид телевиз, сонин, радио гэсэн уламжлалт мэдээллийн хэрэгслүүд орж байсан бол өнөөдөр интернэтийн  ертөнц дэх цахим мэдээлэл телевизийн дараа орж байна. Жил бүр интернэт хэрэглэх өрхийн тоо нэмэгдэж Улаанбаатар хотын нийт өрхийн 3 өрх тутмын нэг комптьютертэй, таван өрх тутмын нэг интернэтийн сүлжээнд холбогдсон гэсэн мэдээлэл байна.

Орон нутагт ч интернэтийн сүлжээ эрчимтэй түгэж байгааг 2008 оны 3-р сард НҮБ-ийн Хүүхдийн сангийн захиалгаар хэрэгжүүлсэн “Онцгой байдлын үед олон нийттэй харилцах ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ” судалгааны дүн тодорхой харуулсан. Судалгаагаар 21 аймгийн 15, 305 сумын 100 орчим интернэтэд холбогдож, хэрэглээний түвшин аймагт 39 хувь, суманд 9 хувьтай байжээ. Энэ тоо жил бүр улам нэмэгдсээр байх болно.

Орон нутгийнхны хувьд мэдээлэл хүлээн авдаг гол суваг нь телевиз, МҮОНР байдаг. Сонины түгээлтийн систем хангалтгүйн улмаас өдөр тутмын сонинг тухайн өдөрт хүлээн авдаг сум байтугай аймгийн тоо цөөн. Ихэвчлэн цаг үеийн мэдээллээр дүүрэн өдөр тутмын сониноос илүү 7 хоногоос дээш хугацаагаар гарах чөлөөт сонин тэдний хувьд мэдээллийн эх сурвалж болж байдаг. Иймээс орон нутагт мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд өдөр тутмын сонинууд онлайн хэлбэрээр давхар гарах болсон нь үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Сонины зах зээл

2008 онд 130 сонин үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа нь өнгөрсөн оноос 30 гаруй сониноор буурчээ. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдаж байна.

Мөн сонины борлуулалтын тоо өмнөх жилээс гурван сая гаруй ширхэгээр буурсаныг интернэтийн хэрэглээ нэмэгдсэнээр сонины хэрэглээ буурч байгаа, залуучуудаас илүү дунд насныхан сонин уншдаг учир шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа, мөн шар болон сенсаацитай мэдээлэл бүхий чөлөөт сонины эрэлт эрс буурсан зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болох юм.

Ер нь сүүлийн жилүүдэд сонины борлуулалт жилд дунджаар таван хувиар тогтмол буурч байгаа. Энэ нь өдөр тутмаас бусад давтамжтай сонинд хамаарч байгаа юм. Харин өдөр тутмын сонины борлуулалт жил бүр нэмэгдэж, 2008 онд өмнөх оноосоо 3 сая гаруй ширхэгээр өссөн үзүүлэлттэй байна.

Дэлхийн сонины зах зээлийг ажиглахад өдөр тутмын сонины ноёрхол бий болж, өндөр хөгжилтэй улс орны сонины борлуулалтын 80-90 хувийг өдөр тутмын сонинууд эзэлж байна. Энэ үзэгдэл ч манайд давтагдаж жилдээ 24,5 сая ширхэг сонин борлогддогоос 1,6 сая буюу 70 орчим хувийг өдөр тутмын 15 сонин борлуулж байгаа юм.

Нийслэлчүүдийн тал хувь нь дор хаяж 7 хоногт нэг удаа сонин уншдаг бол сэтгүүлийг 29 хувь нь тогтмол уншиж байна. Гэвч өдөр тутам сонин уншдаг хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурч харин сэтгүүлийг өдөр бүр ашигладаг хүмүүсийн тоо 3,5 хувиар өсжээ.

Сонин уншигчдын тоог гаргахын тулд борлуулалтын тоо болон уншигчдын тоог ялгаатай байдлаар тооцдог. Борлуулалт нь тухайн сонин нэг дугаараас хичнээн ширхэгийг захиалгаар болон үүргийн худалдаагаар борлуулж байгааг илэрхийлдэг. Харин уншигчийн тоо нь худалдаж авсан, захиалсан, бусдаас зээлсэн зэргээс үл хамаарч, тухайн хэвлэлийн агуулгад бүтнээр нь болон хэсэгчлэн анхаарал хандуулж уншсан хүний тоог нийт хүн амаас төлөөлүүлэн тооцож гаргадаг.

Энэхүү хоёр төрлийн судалгаагаар 2008 оны борлуулалтын тоогоороо тэргүүлсэн эхний арван сонины найм нь өдөр тутмын, хоёр нь чөлөөт сонин байв. Үүнд: “Өдрийн сонин” 3 сая гаруй ширхэг сонин борлуулснаар тэргүүлсэн бол “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”, “Үнэн” сонин удаах байруудад оржээ.

Харин нийслэл дэх нийт уншигчдын 15 хувь буюу 113 мянга орчим нь “Өдрийн сонин”-г уншдаг гэсэн бол удаах байранд “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” сонин орсон байв. Чөлөөт сониноос “Сэрүүлэг”, “Хүмүүс”, “Хань” сонинууд борлуулалтын тоо болон уншигчдын тоогоороо эхний гуравт багтаж байна.

Сэтгүүлийн зах зээл

Өнөөдрийн байдлаар манай улсад 96 сэтгүүл тогтвортой ажиллаж байгаа бөгөөд тэдгээр нь жилдээ нэг сая гаруй ширхэгийг Монголын зах зээлд борлуулдаг. Сэтгүүлийн тоо болон борлуулалт жил бүрээр өсөх хандлага ажиглагдаж, тухайн зах зээл рүү сэтгүүлчдээс гадна янз бүрийн салбарын хүмүүс орж байна. Бизнес, эдийн засгийн, хүний нөөц, маркетинг, менежмент, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан танин мэдэхүй, байгаль орчин, эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний гээд олон салбар чиглэлийн өнгө дизайн, хэвлэлтийн өндөр чанар бүхий сэтгүүлүүд номын дэлгүүрийн лангууг чимж харагдана.

Сэтгүүлийг ихэвчлэн захиалгаар борлуулдаг байсан бол өнөөдөр талаас илүү хувийг үүргийн худалдаагаар борлуулж байна. Уншигчдын тоогоороо эмэгтэйчүүд, ахуйн зөвлөлгөөний сэтгүүлүүд хамгийн эрэлттэй байдаг бөгөөд тэдгээр нь нэг дугаараас 3000-5000 ширхэгийг борлуулдаг.

Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад ТВ-ийн хөтөлбөртэй, эсвэл гоо сайхан ахуйн зөвлөлгөөний, өсвөр үе залуучуудад зориулсан сэтгүүл хамгийн өндөр борлуулалттай байдаг аж. Тэгвэл манай зах зээлд телевизийн хөтөлбөртэй “ТV zone” сэтгүүлийг эс тооцвол энэ чиглэлийн сэтгүүл өөр байхгүй байна.

Сэтгүүлийг хэн уншдаг вэ? Сэтгүүл нь хүмүүсийн амралт чөлөөт цагт зориулж, алжаал тайлах, оюуны таашаал өгөх зорилго нь давамгай байдаг учир өнгө, дизайн, хэвлэлтийн өргөн сонголтоор хэрэглэгчдээ татаж чаддаг. Сэтгүүл нь өртөг өндөртэй тул дунджаар нэг сэтгүүлийг 3000-5000 төгрөгөөр борлуулдаг. Иймээс сэтгүүлийн борлуулалт орлогын түвшинтэй шууд хамаардаг боловч гол хэрэглэгчид нь оюутан болон гэртээ байгаа ажилгүй хүмүүс байдаг аж.

Телевиз, радиогийн зах зээл

2009 оны эхний байдлаар орон даяар 6, Улаанбаатарт 18, орон нутагт 44 телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Сүүлийн дөрвөн жилд телевизийн тоо огцом нэмэгдэж, жилдээ дунджаар өргөн нэвтрүүлгийн дөрвөн телевиз шинээр байгуулагдаж байлаа.

Ялгарал багатай олон телевиз бий бий болсноор үзэгчдийг хувааж улмаар нэг телевизэд ногдох үзэгчдийн тоо буурч, орлого буурах хандлага телевиз бүрт ажиглагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 1 сая орчим хүн дөрвөн телевизийг үздэг байсан бол өнөөдөр 15-16 телевизээс сонгож үзэж байна. Энд эрэлтээсээ давсан нийлүүлэлт, ялгарал багатай хэт олон бүтээгдэхүүний бөөгнөрөл, үзэгчдийн төлөөх өрсөлдөөн, хэт их мэдээлэл байгаа юм. Ийм нөхцөлд бусдаас ялгарч чадсан, аль нэг зорилтот бүлэг эсвэл аль нэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр төрөлжиж чадсан телевиз өөрийн гэсэн үндсэн хэрэглэгчтэй болж, удаан хугацаанд оршино. Сүүлийн үед төрөлжих хандлага хэвлэл мэдээлэлд ажиглагдаж эхэлсэн бөгөөд спортын, боловсрол танин мэдэхүйн, хөгжмийн, гэрийн худалдааны чиглэлийн ТВ сувгууд ажиллаж байна.

ТВ нэвтрүүлгийн бүтцийн судалгаагаар МҮОНТ, Боловсрол суваг ТВ-ийг эс тооцвол олон төрөл жанрын нэвтрүүлэг эрс хумигдаж, арилжааны нэвтрүүлгүүд давамгайлж байна.

Энэ нь телевизийн олон нийтэд мэдээлэх, танин мэдүүлэх, нийгэмшүүлэх, соёлын болоод нийгмийн үнэт зүйлийг төлөвшүүлэх үүрэг алдагдаж, телевиз нь арилжаа явуулж ашиг бий болгодог бизнесийн үйл ажиллагаа гэхээр байна. Түүнчлэн өөрийн үйлдвэрлэл багасаж, гадны орчуулгын нэвтрүүлгүүдээр эфирийн цагаа дүүргэж байна. Телевиз бүрийн оргил цагийг барууны төрөл бүрийн шоу, цэнгээнт нэвтрүүлэг эзэлж, хэдэн жилийн өмнөх Солонгосын савангийн дуурь мэт үзэгчдийг дагуулж байна. Арилжааны телевизүүдийн 60 орчим хувь нь дан орчуулгын нэвтрүүлэг байгаагаас харахад Монгол сэтгүүлчдийн өвөрмөц сэтгэлгээ, хөдөлмөр, ур чадварыг олж харахад бэрх болж байгаа юм.

Хэн телевиз үзэж, радио сонсдог вэ? Нийслэлийн хүн амын дийлэнх нь буюу 90-ээд хувь нь өдөр бүр телевиз үздэг бол гурван хүн тутмын нэг нь өдөр бүр радио сонсдог. Үдшийн 21.00-22.30 цагт хамгийн олон хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө цуглардаг. Харин радио сонсогчдын оргил цаг өглөө, үд, оройн цай уух үе байдаг бөгөөд амралтын өдрийн үдийн цаг хамгийн олон сонсогчтой байдаг аж. Эрс тэс уур амьсгалтай ихэнх орны хувьд үзэгч сонсогчдын оргил цагт улирлын байдал ихээхэн нөлөөлдөг байна. Зун телевиз үзэх нь багасаж, харин радио илүү сонсдог бол өвөл эсрэгээрээ өөрчлөгддөг аж.

Ийнхүү хэвлэл мэдээллийн салбар ололт амжилт, өөрчлөлт дэвшлээр дүүрэн байгаа ч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй судлаачдын өмнө тулгарч буй судалгааны олон асуудлууд байна. Үүнд ирээдүйд ноёрхох өдөр тутмын сонины агуулга, шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага, хэвлэл мэдээллийн төрөлжих хандлага, хэвлэл мэдээлэл дэх шинэ технологийн дэвшлийн нөлөө, үр дагавар, ТВ-ийн нэвтрүүлгийн төрөл жанр, өөрийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого зэргийг дурьдая.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба

Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: