Электрон мэдээллийн хэрэгслийн сүүлийн 10 жилийн хөгжлийн чиг хандлага / ТЕЛЕВИЗ, РАДИО

29 Apr
Телевизийн хөгжлийн чиг хандлага
2009 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевизийг 1999 онтой харьцуулбал 3,5 дахин (1999 онд 35 байснаа 2009 онд 119 болов) өсчээ. 2006 оноос өргөн нэвтрүүлгийн телевиз, 2007 оноос хойш кабелийн телевиз эрс өсчээ. Телевизийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо эрс өсч байна. Энэ нь 2007 оноос илүү тод илэрсэн бөгөөд 2006 онд телевизд 1106 хүн ажилладаг байсан бол 2007 онд 1539 (2006 оноос 28 хувиар өссөн), 2009 онд 1828 (2006 оноос 40 хувиар өссөн) болж өссөн. Харин 1999 онтой харьцуулбал телевизд ажиллагсад 3,2 дахин өссөн.
Телевизийн тоо болон энэ салбарт ажиллагсад тогтол өсч байгаа боловч үзэгчдийн хувьд мөн өсч байна уу гэвэл үгүй юм. 2003 онд Улаанбаатачуудын 95 хувь нь өдөр бүр телевиз үздэг байсан бол 6 жилийн дараа 89 болж буурсан. 2003 онд Улаанбаатарчуудын 85 хувь нь телевизээс дотоодын үйл явдлын мэдээ, мэдээлэл авдаг байсан бол 2009 онд 70 хувь болж буурсан. Харин интернэтээс мэдээлэл авах нь нэмэгдсэн.
Шинээр байгуулагдаж буй телевизүүд дийлэнхдээ хувийн хөрөнгө оруулалттай байгаа. 1999 онд 7 телевиз хувийх байсан бол 2009 онд 74 болж 10 дахин өссөн. Харин 1999-2003 он хүртэл төрийн байгууллагын телевизийн үе байв. Энэ үе 2004 оноос хойш тогтмол буурсаар 2009 онд 5 болсон байна.

10 жилийн хугацаанд телевизийн хөтөлбөрийн бүтцэд томоохон өөрчлөлт оржээ. 1999 онд телевизүүдийн хөтөлбөрийн 53 хувь нь мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлэг байсан бол 2009 онд 6,9 хувьболтлоо буурсан. Эсрэгээр цэнгээнт, хөгжмийн нэвтрүүлэг 12,3 хувь байснаа 25,3 хувь, спортын нэвтрүүлэг 1,3 хувь байснаа 13,5 хувь, кино жүжиг, уран сайхны зохиолын нэвтрүүлэг 33,5 хувь байснаа 54,3 болж өссөн байна. Энэ нь арилжааны телевизүүд хэт олширсонтой холбоотой юм. Энэ өөрчлөлт нь иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж буй нэг хэлбэр юм. Яагаад гэхээр, иргэд нийгэм, улс төр, бизнес, шашин, урлаг, түүх соёл гэх мэт бүх төрлийн мэдээлэл авах эрхтэй атал арилжааны телевизүүд бизнесийн ашиг сонирхолын улмаас дээрх эл төрлийн нэвтрүүлгийг бараг цацдаггүй байна. Харин иргэдийн сонирхолыг татах зорилгоор хөгжөөнт, цэнгээнт, хөгжмийн нэвтрүүлэгт илүү олон цаг зарцуулдаг. Энэ үед олон нийтийн телевиз арилжааны телевизүүдээс ялгарч үзэгчдийн олон ургалч мэдээлэл авах эрхийг хангах нь үүрэг юм.
Телевиз байгуулагдаад зах зээлд хөлөө олтлоо гадны орчуулгын нэвтрүүлэг цацах нь элбэг байдаг байна. 2003 оноос өмнө байгуулагдсан TV9, TV5, MN25 UBS телевизүүдийн 2005 оны нэвтрүүлгүүдийн гарал үүслийг судалж үзвэл 60 орчим хувь нь гадны орчуулгын нэвтрүүлэг, үлдсэн хувь нь дотоодын нэвтрүүлэг байв. Үүнтэй адил 2006 оноос хойш байгуулагдсан SBN, TV8, NTV, Боловсрол суваг, TM, Эх орон, Монгол, Одод телевизүүдийн 2009 оны нэвтрүүлгүүдийн гарал үүслийг тодруулахад 60 гаруй хувь нь гадны орчуулгын нэвтрүүлэг, үлдсэн хувь нь дотоодын нэвтрүүлэг байв.
Хэвлэл мэдээлэл өндөр хөгжсөн орнуудын жишгээр телевизүүд интернэтийг дагавар мэдээллийн хэрэгсэл болгон ашиглах нь түгээмэл байдаг. Дагавар мэдээллийн хэрэгсэл гэдэг нь интернэт хэрэглэгчид телевизийн цахим хаягаар шууд эфир үзэх, радиог шууд сонсох боложмтой байдаг. Мөн цаг үеийн мэдээллийг онлайнаар шуурхай мэдээлэл мэдээллэж телевизээс илүү шуурхай ажиллахыг хэлдэг байна. Ингэснээр цахим хуудсандаа сурталчилгаа байрлуулах зэргээр мөнгөний хоёр дахь эх үүсвэр болгон ашигладаг байна. Монголд интернэтийг дагавар мэдээллийн хэрэгсэл болгож ашиглахыг хичээж байна. Тодруулбал, 2002 онд анх TV5, UBS, Eagle телевизүүд интернэтэд http://www.tv5.mn, http://www.ubs-tv.mn, http://www.mongolmedia.com/eagle цахим хуудастай болсон. Харин 2007 оноос интернэтээр телевизийн эфирийг шууд үзэх боломжтой болсон. 2009 оны байдлаар 11 телевизийг онлайнаар шууд үзэж байна.
Радиогийн хөгжлийн чиг хандлага
1999-2009 онд радиогийн тоо 3 дахин буюу 24 байснаа 76 бол өсчээ. 1999 онд үндэсний хэмжээнд МҮОНР радио, хотод 7 радио, хөдөөд 16 радио үйл ажиллагаа явуулдаг байжээ. 2009 онд Үндэсний хэмжээнд МҮОНР, хотод 24, хөдөө 51 радио болж нэмэгдсэн байна. Радиогийн өсөлт 2007 он хүртэл өсч түүнээс хойш тогтворжсон. Энэ салбарт ажиллагсдын тоо радиогийн тоог дагаад өсөх үед нь өсч, харин тогтторжих үед нв буурсан байна. 1999 онд радиод 348 хүн ажиллаж байсан бол 2007 онд 623 болж өссөнөө 2009 онд 490 болж буурсан. 2008 оноос радиогийн сэтгүүл зүйн бүтээлч ажилтны тоо буурах хандлага ажиглагдсан. 10 жилийн өмнөхтэй харьцуулбал радиогийн 40-с дээш насныхан эрс буурч, 20-30 насныхан энэ салбарыг авч яваа юм.
2004 оноос төрийн байгууллагын эзэмшдэг радиогийн тоо буурч, хувийн эзэмшлийн радио эрс өссөөр 2009 онд 54 болжээ. Энэ 10 жилийн өмнөхөөс 5,4 дахин өссөн үзүүлэлт юм.
2007 он хүртэл радио сонсогчид нэмэгдэх хандлагатай байсан боловч 2008 оноос буурах хандлага ажиглагдаж байна.
Электрон мэдээллийн хэрэгсэл ашиглалтын тухай товчхон
Телевиз, радиог интернэтээр шууд үзэж, сонсох боломжтой болсон нь интернэт хэрэглэгч залуус нэг мэдээллийн хэрэгсэлд хязгаарлагдахгүй хүссэн мэдээллээ интернэтээс авах боломжтой болж өгсөн юм. Интернэт хэрэглэгчид зөвхөн интернэт кафе эсвэл ажил, сургуулиасаа интернэтэд холбогдох бус гэртээ модемоор, гадуур гар утсаараа интернэтэд орж чаталж, и-мэйлээ шалгадаг болсон нь үүнтэй холбоотой. Улаанбаатарт интернэт хэрэглэгчдийн 23 хувь нь суурин утаснаас, 21 хувь нь кабелийн шугамаар, 19 хувь нь утасгүй интернэтээр, 12 хувь нь гар утаснаасаа холбогдож байна.
2007 онтой харьцуулбал 2009 онд улсын хэмжээнд гэртээ компьютертэй, компьютер нь интернэттэй өрхийн тоо эрс нэмэгдсэн. Тодруулбал, Улаанбаатарт гэртээ компьютертэй өрхийн тоо 2007 оноос хойш 50 хувиар нэмэгдэж 73,3 хувьтай, хөдөө 25,3 хувьтай болжээ. Харин гэрээсээ итернэтэд холбогдох боломжтой өрхийн тоо хотод 2007 онд 7,8 хувь байснаа 2009 онд 48,4 хувь, хөдөөд 2,9 хувь байснаа 10,5 хувь болж өссөн байна.
Хотод MP3, MP4, IPOD-ийн хэрэгслээ нэмэгдэж 75 хувьд хүрсэн бол хөдөө CD, VCD-ийн хэрэглээ буурч 20 хувьд хүрчээ. 2 жилийн хугацаанд гар утастай хүний тоо ч нэмэгдсэн байна. 2007 онд хотод 10 хүн тутмын 8 нь, хөдөөд 4 нь гар утастай байсан бол 2009 онд хотод 10 хүн тутмын 9 нь, хөдөөд 5 нь гар утастай болжээ.
Иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалжид интернэт орж иржээ. 1988 онд иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь радио, сонин, телевиз байсан бол 2009 онд телевиз сонин, интернэт болж өөрчлөгджээ.

Улаанбаатарчуудын 40 орчим хувь нь өдөр бүр интернэт хэрэглэж байхад 7 хувь блог хэрэглэж байдаг. Интернэт хэрэглэгчдийн 10 хүн тутмын 1 нь блог хөтөлдөг ба блог уншигчдийн дийлэнх нь 15-29 насныхан байдаг.

Дэлгэрэнгүйг www.mglresearcher.blogspot.com

Эх сурвалж: Хэвлэлийн Хүрээлэн “Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр-2009” мониторингийн номноос…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: