“Орон нутгийн хэвлэл мэдээлэл” хэмээх халуун ам бүл өнөржсөөр….

13 Oct

Г.Идэрхангай

Талархал хүлээсэн “Хуулийн төсөл”

Цагаан ордны тэргүүн Барак Обамад сенатч Б.Кардины санаачилсан хуулийн төсөл ихэд таалагджээ. Яг энэ “сэдвээр” Сенатын танхим халуухан хэлэлцүүлэг өрнүүлэх гэж буйг хэвлэлүүд мэдээлжээ.“Сониныг сэргээх тухай” буюу “Newspaper Revitalization act” хуулийн төсөл боловсруулснаа зарласнаас хойш Мэриленд мужийн эрхэм сенатчид хэвлэлийнхэн “хайр зарлах” нь холгүй байгаа юм. Өнөө маргаашгүй дампуурлын ирмэгт байгаа сонины эрхлэгч нар хүртэл түүн рүү талархлын  үгтэй цахим захидлаа илгээсээр. Ямар сайндаа  Барак Обама хуулийн төслийг яаралтай баталж өгөхийг  хууль тогтоогчдод уриалж байх вэ. Интернэтийн хурдад ялагдан, санхүүгийн асар их хохирол амсч, уншигчдын арми нь өдөр өдрөөр суларсаар байгаа хүчирхэг сонинуудыг аврах талаар Америкийн хэвлэлийн магнатууд ойр ойрхон хэлэлцүүлэг өрнүүлэх болов.

Ноднин өдийд санагдана, АНУ-ын орон нутгийн шилдгийн шилдэг сонин “The Tuscon Citizen”-ний удирдлага гэнэтийн гэмээр мэдэгдэл хийхдээ “Энэ сонин интернэт хувилбарт үүрд шилжлээ” хэмээн нулимс унагаж билээ. Холын Америкийн жишээг Монголд наалдуулах гээд үзье. Яг өнөөдөр Монголын нийт хүн амын 30 хувь нь шуурхай мэдээллийг илүүд үзэж, онлайн мэдээллийн байнгын хэрэглэгч болжээ. “Та  сонин хэвлэл хэр их уншиж байна” гэсэн хоргүй асуултыг  гудамжинд яваа хэн нэгэнд тавихад “За, бараг зав гарахгүй юм даа. Ихэнх мэдээллээ хэдэн сайтаас авч байгаа“ гэж хариулах вий.

Гэхдээ  Улаанбаатарын сонин борлуулах цэгүүдийг “чимдэг” элдэв хэвлэлийн тухай энд өгүүлэхээ азная.  Орон нутгийн хэвлэл мэдээлэл гэх  бүхэл бүтэн цогц ойлголтыг Монголын сэтгүүл зүйгээс салгаж ойлгохын аргагүй учир энэ сэдвийг хөндье. Тэд бол шинэ цагийн дуу хоолой юм.

“Сонин маань хэзээ ирэх бол”…

Ингэж хүлээхээ болиод, интернэт рүү хэдхэн минут ороод л хорвоогийн олон өнгөт мэдээллийг авчих чадвартай болжээ, орон нутгийнхан. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, интернэт хэрэглэгч гурван хүний нэг нь Улаанбаатарт, 10 хүн тутмын нэг нь хөдөө орон нутагт байна. Ерөөс орон нутгийн мэдээллээ авдаг хоёр гол суваг нь телевиз, интернэт хоёр аж. Эндээс сонин хэвлэл үүргээ яагаад сайн гүйцэтгэж чадахгүй байна вэ гэсэн асуулт гарна биз. Хариулт маш энгийн буюу аймгийн төвөөс сум, сумаас баг, багаас малчны гар дээр захиалсан хэвлэлийг нь хүргэж өгдөг албан ёсны дэд бүтэц одоо хэр хөгжөөгүй.

Тиймдээ ч хөдөөгийн иргэд “Нийгмийн хөгжлийн хурд минут, секундээр хэмжигдэж буй энэ глобал эрин үед хөдөө нутагт сонин хэвлэл найдвартай хүргэдэг түгээлтийн системийг боловсронгуй болгох ёстой” гэж ярьж байна. Жаахан онолдож хэлбэл, орон нутгийн хэвлэлийн ертөнцөд “зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчим” алдагдаад байх шиг.

Иргэдийн мэдээлэл авах хамгийн хүртээмжтэй хэлбэр нь сайтууд. Хөдөө, орон нутагт хамгийн хүртээмжтэй 15 вэб сайтыг “www.olloo.mn”, http://www.gogo.mn тэргүүлж буйг судалгаа харуулж байна.
Баянхонгор, Өвөрхангай аймаг хамгийн олон хэвлэлтэй нь
Сонгууль дөхөөд ирэхээр хаанахын харъяалалтай нь мэдэгдэхгүй сонин, сэтгүүл борооны дараах мөөг шиг гараад ирдэг гэж найз маань учирлаж байв. Хамгийн хачирхалтай нь сонгууль дуусмагц тэдгээрийн нэлээд нь усанд хаясан чулуу шиг алга болчихдог гэнэ. Иймэрхүү байдлаас болоод хөдөөгийн зарим уншигч сонин хэвлэлд нэг л элэггүй болчихож. Захиалж уншиж байсан сонин нь гэнэт “дампуурчихаар” яалтай ч билээ. Гэхдээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хүчирхэг баг зөвхөн орон нутагт л бий. Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас эрхлэн гаргасан  “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” товхимолд “2009 онд манай улсын нийт мэдээллийн хэрэгслийн 34 хувь буюу 116 нь орон нутгийн мэдээллийн хэрэгсэл  байдгаагаас  48 нь радио, 40 нь телевиз, 28 нь сонин” гэжээ.

Сонины тоогоороо Баянхонгор, Өвөрхангай аймаг тэргүүлдэг аж. Уншигчдын талархлыг хүлээсэн, байнгын захиалагчтай, идэвхтэй гардаг  “Монгол говь”, “Архангайн амьдрал”, “Баянхонгор таймс”, ”Сэлэнгийн мэдээ”, “Шинэ мэдээ” зэрэг чөлөөт хэвлэл цөөнгүй. Нийтлэлийн бодлого нь мэдээж бүс нутгийн хөгжил, орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг сурвалжлан бичихэд чиглэж байгаа.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шилдэг сониноор хоёр ч удаа шалгарсан, “Дорнод” сонины эрхлэгч Б.Туяа  нэгэн ярилцлагадаа “Орон нутгийн сонин бол олон түмэнд зөвхөн орон нутгийн мэдээллийг л хүргэх үүрэгтэй. Тэртээ тэргүй олон тооны өдөр тутмын сонин хүрээд ирж байхад бид адилхан мэдээлэл гаргаад яахав дээ. Орон нутгийн сонины үүрэг нь нутагтаа ажиллаж амьдарч буй хүмүүс хаана, юу болж вэ гэдгийг мэдэхийг илүүд үздэг” хэмээн онцолжээ. Энэ бол орон нутгийн хэвлэлийн үүргийг цөөн үгэнд маш тодорхой базаад хэлчихсэн үг. Өмнөговь аймгийн “Монгол говь” сонин “Говь нутгаа хөгжүүлье” гэсэн уриатай ажиллаж байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийн хэмжээнд яригдаж байгаа баялаг ордуудыг түшиглэн бүс нутгаа хөгжүүлэх талаар тус сонин олон жинтэй өгүүллийг нийтэлж буй.

Орон нутгийн сонинууд голдуу 10-14 хоногийн давтамжтайгаар  нэг удаагийн гаралтаар 400-1500 хувь хэвлэгддэг. Тэгэхээр нэг аймаг 70.000-80.000 хүн амтай гээд бодохоор 1500  ширхэг гэдэг хаана ч хүрэхгүй, зөвхөн хэдхэн  байгууллагаар тараагдаад дуусах тоо. Гэхдээ орон нутаг оюун сэтгэлгээгээ цэнэглэх хэвлэлтэй байна гэдэг сайхан хэрэг ээ.

Хотод өдөр тутмын сонин хамгийн хүртээмжтэй байхад хөдөө, орон нутагт 7-10 хоног тутмын буюу шар сонинууд илүү хүртээмжтэйг судлаачид тогтоож. Тэгвэл хот, хөдөөг хамарсан хамгийн хүртээмжтэй сониноор “Өдрийн сонин” тодорчээ. “Өдрийн сонин” нэг өдрийн 10000 дугаар хот, хөдөө ялгаагүй уншигчдын гар дээр очдог аж.
Суваг солигч

Миний бие нэгэн удаа Төв аймгийн Жаргалант сумд амьдардаг танилындаа зочилсон юм. Үндэсний телевизээ үзээд сууж байтал гэнэт суваг өөрчлөгдөн TV5-ийн мэдээний хөтөлбөр гараад ирэх нь тэр. “Энэ юу болж байна аа. Хэн сольчихов” гээд гэрийн эзнээс гайхан асуутал мань эр “Сумын зурагтын антенн дээр суудаг ах л сольчихгүй юу. Тэр хүссэн үедээ суваг солино. Түүнийг нь бид хүссэн хүсээгүй үздэг юм” хэмээн хээвнэг хариулж билээ.  Хөдөө, орон нутгийн зарим иргэд телевизийн мэдээллээ иймэрхүү “сонголтгүй” хэлбэрээр хүлээн авч байна.

Өнөөдөр телевиз, радиогүй аймаг гэж үгүй. Хөвсгөл   14, Дорнод 11, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 9 телевизтэй болсон нь  одоогоор хамгийн өндөр үзүүлэлт.  Харин үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацаж байгаа томоохон телевизүүд гэвэл МҮОНТ, MN-25-р суваг, UBS, ТВ5, ТВ9, Боловсрол суваг гэсэн цөөн хэдэн телевиз л бий.  Ерөнхийдөө бол Улаанбаатар хотод 24, хөдөө орон нутагт 44 телевиз нэвтрүүлгээ хүргэдэг гэж Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ.

Эндээс харахад орон нутагт нэлээд олон телевиз үйл ажиллагаа явуулж байгаа мэт. Гэтэл яг газар дээрээ  хамрах хүрээ нь  хязгаарлагдмал, зөвхөн аймгийн төвийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг гээд чамгүй бэрхшээл учирдаг байна. Орон нутгийн телевизүүдийн нэвтрүүлэг цацалтын цаг гэж үнэхээр чамламаар. Улаанбаатарт 24 телевиз долоо хоногт 2644 цагаар нэвтрүүлэг цацаж байхад хөдөө орон нутагт 281 цаг л ногддог. Үнэхээр хангалтгүй. Нэг үеэ бодвол хөдөөгийн малчин айлууд гаднаа салхин сэнс бүхий бага оврын антенн суурилуулчихаад зурагтын мэдээгээ үзчихдэг болсон. Зарим нь бүр утасгүй интернэтэд холбогдоод алс холын Солонгост байгаа хүүхэдтэйгээ мэйлдэж суудаг малчид ч бий.   Телевизүүд сүүлийн үед хөдөө нутагт анхаарлаа хандуулдаг болжээ. Орон нутгийн амьдралыг орхигдуулдаггүй хамгийн мэдрэмжтэй телевиз нь  ТВ9  гэж  хөдөөгийн иргэдийн ярихыг би олон удаа сонсч байв. ТВ9 хөдөө орон нутгийн сурвалжлагчдын “Инфо” сүлжээг Монголын телевизийн ертөнцөд анх удаа  байгуулсан. Маш хүчирхэг сүлжээг тогтоож чадсан. Тэр ч утгаараа хөдөөгийн иргэдийн үзэх дуртай телевиз болжээ.

“Боловсрол суваг” ч гэсэн малчдад зориулсан цуврал нэвтрүүлгүүд бэлтгэж, цаг агаарын мэдээг маш дэлгэрэнгүй, сонирхолтой хүргэж байгаад хөдөөгийнхөн ам сайтай  байдаг юм билээ.

МҮОНТ бол том айл. Хөдөө орон нутгийн иргэдэд тус телевиз хамгийн чанартай, бодитой мэдээлэл өгч  байгаа.  Гэхдээ хамгийн гол дутагдал нь орон нутагт өөрийн гэсэн сурвалжлагчгүй.  Энэ нь төсөв санхүүтэй холбоотой байдаг биз ээ.

Хөдөө, орон нутагт кабелийн телевизүүд нэлээд олноор байгуулагджээ. ”Болор утас”, “Миний Монгол”, “Алтанговь” гээд нэрлээд байвал цөөнгүй.  Бүгд л өөр өөрийн гэсэн өнгө дуу хоолойтой. Энэ мэтээр орон нутгийн “мэдээлэлжих” орчин бэхэжсээр байгаа юм.

Радио шиг бага зардалтай хэрэгсэл байхгүй

Тийм ээ,  хамгийн бага зардалтай хэрнээ хамгийн их мэдээлэл агуулдаг хэрэгсэл нь радио.  Улсын хэмжээнд өдгөө нийт 74 радио үйл ажиллагаа явуулдаг хэмээн Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд онцолжээ. Улаанбаатар хотод 23, орон нутагт 50 радио одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Боржигон нутаг”, “Бурхантын цуурай”, “Эрдэнэсийн гайхамшиг”, “Говийн долгион” гээд нэр нь хүртэл чихэнд сонсголонтой   FM-үүд олноор байгуулагдсаар байгаа юм. Эдгээр радио зөвхөн аймгийн төвд нэвтрүүлгээ цацдаг гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Ялангуяа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн FM радио хэд хэдэн сумдыг мэдээллээр хангаж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар хотоо харлуулчихалгүй авч үлдсэн малчдын  дийлэнх нь  радиогийн байнгын сонсогчид байсан тухай яриа байдаг. Хашир малчид өөрт ашигтай мэдээ, мэдээллийг бусдаас түрүүлж авч, түүнийгээ амьдрал дээрээ ашиглаж чадаж буйн давуу тал  энэ.

Одоогоор улсын хэмжээнд хамгийн идэвхтэй нэвтрүүлгээ цацаж байгаа нь Монголын радио.  Монголын радио хөдөө орон нутагт өөрийн гэсэн сурвалжлагчтай, хөдөөгийн иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийн тогтмол цагтай, цацалтын хүрээ өргөн зэргээрээ бусад радиогоос эрс ялгардаг.

Орон нутгийн  хэвлэл мэдээллийн ам бүл ийнхүү өнөржихийн хэрээр бас залуужиж байна. Сэтгүүл зүйн сургуулиа дөнгөж дүүргээд өсч төрсөн нутагтаа очиж ажиллахаар явж байгаа залуусыг хараад талархах сэтгэл төрдөг юм. Тэд орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт шинэлэг өнгө аяс оруулах нь дамжиггүй ээ. Энд нэгэн зүйлийг онцлох нь зүйтэй болов уу. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ алс хязгаар нутгийн хахир өвлийн хүйтэнд ч  нар төөнөсөн зуны шатам халуунд ч дэвтэр, үзэг хоёроосоо үл салан   сэтгүүл зүйдээ үнэнч зүтгэж яваа зуу зуун сэтгүүлчдээ  дэмжиж ажиллана. Шинэ цагийн сэтгүүл зүйн дуу хоолой ”www.journalism.mn” сайт чухамдаа хөдөөгийн  сэтгүүлч таны  үгээ чөлөөтэй илэрхийлэх талбар юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд зориулсан манай сургалт эхлэх гэж байна.

Өмнөговь, 2010.06.14

Эх сурвалж: http://www.journalism.mn/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: